top of page
Search

TOEFL шалгалтанд хэрхэн бэлдэх вэ?

USA ihsurguuliud

Updated: Feb 20, 2022

Мэдээж олон улсын оюутнууд TOEFL, IELTS, SAT, ACT гэсэн шалгалтуудыг өгөх ёстой байдаг ч бүх шалгалтыг нь өгөх шаардлагагүй бөгөөд хэрвээ элсэхийг хүссэн сургуулиа сонгосон бол тухайн сургуулийнхаа яг аль шалгалтыг чухалчилж үздэг зөвшөөрдөг гэдгийг харгалзан үзэж шалгалтандаа бэлдэх хэрэгтэй. Сургууль болгон өөр зарчим баримталдаг учраас өргөдөл явуулах гэж буй сургуулийнхаа мэдээллийн эх сурвалж руу орон “Application Requirements” хэсэгт орж TOEFL өгөх хэрэгтэй байна уу? Эсвэл IELTS өгөх хэрэгтэй байна уу гэдгийг судлан алль хэлний шалгалтаа өгөхөө шийдээрэй.


  • TOEFL ШАЛГАЛТЫН ХУВЬД (Test of English as Foreign Language)

TOEFL-ын шалгалт нь хоёр жилийн хүчинтэй хугацаатай байдаг. TOEFL IBT шалгалтын хувьд унших, сонсох, ярих, бичих гэсэн дөрвөн хэсэгтэй бөгөөд ерөнхийдөө дөрвөн цагийн турш явагддаг урт хугацааны шалгалт юм. Уг шалгалт нь нийт 120 онооноос бүрдэх бөгөөл 4 хэсэгтэй тул хэсэг бүр нь 30 оноотой. Энэ шалгалт маань буруу хариулсан гэж оноо хасдаггүй учраас аль болох бүх асуултандаа хариулж сайн нягталж шалгах хэрэгтэй. Мэдээж энэ хэлний шалгалт маань комьпютер дээрээс авагддаг учраас унших болон сонсох хэсгийн хувьд автоматоор шалгагдаж, ярих болон бичих хэсгийн хувьд хүн шалгадаг. Хариуны хувьд ойролцоогоор 6 хоногийн дараа гардаг байна. Бүр илүү дэлгэрэнгүйг ets.org сайтаас унших боломжтой байгаа шүү.


TOEFL шалгалт нь ерөнхийдөө астрономи, биологи, байгаль, геологи, түүх, урлаг, нийгэм гэх сэдвүүд рүү чиглэсэн эх, лекц оруулдаг учраас энэ талаар ном нэмэлт мэдээлэл уншвал зүгээр байдаг.


Одоо шалгалтынхаа хэсэг тус бүр дээр онцлогийг нь ярилцъя.


Reading- Унших хэсэг

Энэ хэсэгт 3-4 эх байх бөгөөд ойролцоогоор 12-13 асуултанд тус бүртээ 20 минутанд хариулах хэрэгтэй. Унших эхүүд нь ихэвчлэн их сургуулийн хичээл, лекц, номын хэсгүүд, мөн шинжлэх ухааны газарзүй, хими, биологийн гэх мэт сэдвүүд байдаг. Гэхдээ уг сэвдүүд нь гүнзгий мэдлэг шалгах гэхээсээ илүү хэлний ойлголтыг шалгах байдаг учраас ерөнхий мэдээлэл гэх мэтийг судлан шинжлэх ухааны ном уншаад бэлдвэл их зүгээр байдаг. Мэдэхгүй хэцүү үг, өгүүлбэр олон байсан ч бүх зүйлсийг цээжлэх ойлгох гэхээсээ өөрт тохирсон арга барилаа олоод авчихвал их зүгээр. Энэ хэсэгт ном сайн уншаад, унших ойлгох бэлтгэл их хийхийг зөвлөх байна.


Listening- Сонсох хэсэг

Энэ хэсэгт 2-3 хэсэг байх бөгөөд 2 лекц, 1 харилцан ярианаас бүрдэх бөгөөд ойролцоогоор тус бүртээ 3-5 минутын хугацаатай үргэлжилж хариултаа бөглөх хугацаа нь мөн л тус бүрдээ 10 минут байна. Энэ үед цагаа маш сайн зохицуулж хянах хэрэгтэй байдаг бөгөөд аль болох бүх асуултандаа хариулж нэг асуулт дээрээ удаан хугацааг өнгөрүүлэлгүйгээр бэлтгэл сайн хийх хэрэгтэй. Мөн дахин асуултаа хийж өөрчлөх буцах боломжгүй учраас маш сайн нягталж шалгах хэрэгтэй байдаг шүү.

Сонсголын хэсгийн хамгийн чухал зүйл бол сонсож байхдаа тэмдэглэл хөтлөх бөгөөл заавал нарийн дэлгэрэнгүй байх шаардлагагүй. Зөвхөнта л харж дараа нь асуултандаа хариулахдаа хэрэглэх учраас өөрт ойлгомжтой л байвал яаж ч тэмдэглэл хийсэн болно. Гол нь тэмдэглэл хийснээр та маш олон зүйл сонсож байгаа учраас тухайн сонссон зүйлийнхээ хэрэгтэй чухал мэдээллийг тэмдэглэн өөртөө сануулж буйн хэрэг юм. Аль болох ярьж хэлж байгаа өгүүлбэр бүрийн түлхүүр үг, гол тодорхойлох үг гэх мэтээр бичиж авч сураарай. Цаг маш богинохон учраас зөвхөн өөрийнхөө хэв маягт тааруулахад л болно. Энэ хэсэгт подкаст сонсоод, кино үзээд явахыг зөвлөх зүгээр сонсоод үзээд өнгөрөх биш аль болох ойлгож сонсож, сэдэв бүрийг нь анхаарч үзээрэй.


Speaking- Ярианы хэсэг

Энэ хэсэг нь Independent Speaking болон Integrated Speaking гэсэн хоёр төрлийн асуултаас бүрдэх бөгөөд нийтдээ 3-4 лекцыг яриаг сонсож 41 – 57 минутад хийж дуусгана.

Independent буюу бие даасан асуултад таны өөрийн бодлыг асууж өөрт тохиолдсон үйл явдлаа жишээ шалтгаантай тайлбарлах байдаг. Үүнд зөв буруу зүйл гэсэн зүйл байхгүй бөгөөд зөвхөн та өөрийгөө хэрхэн илэрхийлж жишээ шалтгаанаа хэрхэн сайн гаргаж байгааг л шалгана. Хариулахдаа 15 секунд бодоод 45 секунтад хариулах хугацаатай байдаг. Энэ тал дээр та өөрийнхөө талаар болон өөрийн үзэл бодлыг ярьж байгаа учраас сандарч яаралгүй тайван хэмнэлтэйгээр эхлээд шалтгаанаа хэлж дараа нь жишээ болсон зүйлээ хэлээд дараа нь бүх бодлоо цэгцэлж төгсгөл хэсгээ илэрхийлэх гэх мэтээр форматтай байвал зүгээр байдаг. Энэ талаар илүү дэллгэрэнгүй ярианы форматыг судалж хайж үзээрэй.

Харин Integrated асуултууд нь огт таны талаас биш бөгөөд бусад хүмүүсийн санаа бодлыг ярих тайлбарлах байдаг. Энэ нь нэг эхийг уншаад түүний талаар харилцан яриа юм уу эсвэл лекц сонсоод бүгдийг нь базаж уншсан болон сонссон зүйлийнх нь хоорондоо хэрхэн холбогдож байгаа давхар яригдсан санааг асууж хариулах маягаар явагдана. Үүнд уншсан зүйлээ тодорхой гол санааг нь тэмдэглэж аваад сонссон зүйлтэйгээ аль болох холбогдож байгааг сайн ойлгоод тайлбарлах гэж хичэээгээрэй. Энэ хэсэг маань 45 секунд эх уншиж, 30 секунд бодож, 60 секунтад хариулах хугацаатай байдаг. Энэ дээр унших хэсгийн хугацаа маш богино учир сайн гол санааг нь ойлгоод богино хэмжээний тэмдэглэл хөтлөхгүй бол дараа нь сонсох үед мартах магагдлалтай учраа аль болох цагаа сайн төлөвлөж сураарай. Тайлбарлахдаа яг жаахан хүүхдэд тайлбарлаж өгч буй мэт хүн болгон энэ сэдвийг, энэ зүйлийг мэддэг гэж бодолгүйгээр тайлбарлаарай.

Ярианы хэсэгт дуудлага маш чухал учраас дуудлагаа сайжруулах тал дээр анхаарч кино подкаст сонсохдоо араас нь дагаж дуурайж хэлэх гэх мэтээр өөрт байгаа бүх боломжийг ашиглаж ярих гээд үзээрэй. Мөн аль болох асуултаа сайн ойлгож өөр тийшээ хазайлгүй яг асуултандаа хариулж хэлэх санаагаа холбогдож байгааг нь анхаарах хэрэгтэй.


Writing- Бичих хэсэг

Энэ хэсэг нь нийт 2 эсээ бичих байдаг бөгөөд биеэ даасан болон нэгдмэл гэж хуваана. Нэгдмэл эсээ нь сонссон, уншсан эх дээрээ үндэслэн бичдэг. Тэгэхээр эх сонсоод уншаад түүнийхээ дагуу бичдэг учраас тэмдэглэж бичиж авах нь энэ хэсэгт маш чухал. Ерөнхийдөө 20 минут байдаг бөгөөд багадаа 300 үгтэй эсээ бичих хэрэгтэй. Энэ хэсэгт үг өгүүлбэрээ хэрхэн хаана ашиглаж байгаа үгийн баялаг гэх мэтийг шалгадаг ч эхээс ойлгосон зүйлээ яг гол чухал зүйлээ бичсэн байна уу гэдэг их чухал байдаг.

Харин бие даасан эсээ нь таны өөрийн үзэл санаа бодлыг асуусан байдаг бөгөөд та тэр эсээгээ өөрийн туршлага дээр үндэслэн хариулж аль болох үзэл санаагаа илэрхийлж, юу гэж боддог талаараа жишээтэй тайлбарлан бичвэл зүгээр. Түүнчлэн 30 минутад 350-400 орчим үгэнд багтаан санаагаа илэрхийлэх хэрэгтэй. Хэдийгээр энэ нь таны үзэл бодлыг асуух хэдий ч өөрийн ямар бодолтой байгаагаа илэрхийлсэний дараа хоёр талын өнцгөөс харан санаагаа хэлж бататгаж бичих гээд үзээрэй. Гол нь санаагаа л бүтэн сайн илэрхийлэх зорилготой учраас хүнд хэлбэрээр хүлээж авалгүй хэрхэн гүйцэт илэрхийлэх тал дээрээ анхаараарай.





0 views0 comments

Comments


© 2021 by 

bottom of page