top of page
Purdue University  
Э. Соёл
- Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай сайтын уншигчдад зориулаад өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Намайг Соёл гэдэг. Би Пурдю их сургуульд Neuroscience and behavior гэдэг мэргэжлээр докторын зэрэгт суралцаж байгаа. Одоогийн байдлаар 1-р курсээ төгсөх гэж байна. Бакалавраа ч гэсэн Пурдюд Brain and Behavioral Science гэдэг чиглэлээр сурч хамгаалсан. Одоогоор “Архинд донтох эмгэгийн”талаар судалгаагаа хийж байна.
-Та анх яагаад Пурдюд орохоор шийдэн өргөдлөө явуулж байсан бэ? 

 

Яг үнэндээ тухайн үед сургуулиуд руу өргөдлөө явуулж байхдаа би өөрийгөө ямар нэгэн сургуульд тэнцэнэ гэж бодохгүй байсан. Эхэндээ “Ер нь л завсар жил авах юм байна даа” гэж бодсон ч “Шалгалтуудаа өгчихсөн юм чинь материалаа бүрдүүлээд хэдэн сургууль руу өргөдлөө явуулж үзье” гэж шийдсэн. Гэхдээ тэр дундаа Пурдюг сонгосон шалтгаан нь: Нэгт, хэдийгээр улсын сургууль ч гэсэн бусад сайн нэртэй, шилдэг сургуулиудтай харьцуулахад, аа мөн хэдий олон улсын оюутнуудад боловсрол олгож байгаа ч төлбөрийн хувьд хямдхан байсан. Тэгэхээр хэрвээ ямартай ч тэнцээд орчих юм бол, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад 60,000$-ын сургалтын тэтгэлгээс 30,000$-ын сургалтын тэтгэлэг олдох нь арай хялбар байх юм болов уу гэж бодсон. Дээрээс нь Пурдюгийн олон нарийн мэргэжлийн хөтөлбөрүүд нь мэргэжлээ сонгоогүй надад хэрэгтэй юм болов уу гэж бодоод өргөдлөө явуулсан. Түүнийхээ дараа Пурдюд тэнцэн орсон байгаа. 

-Их сургуулиа сонгохоор судалж байгаа хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгвөл. 

Их сургуулиа сонгохын хувьд би ч гэсэн тухайн үед сайн мэдээлэлгүй байсан болохоор энд тэндхийн вебсайтуудаас  ерөнхийд нь хараад явдаг байсан. Дараа нь “Ийм зүйлсийг мэдэж байсан бол арай дээр байж дээ” гэж бодсон зүйлс байгаа. Эхлээд тухайн сургуулийн ерөнхий үзүүлэлтийг нь харахаас илүүтэй, тухайн сургууль чиний сонирхож буй мэргэжлийн хөтөлбөрт ямар үзүүлэлттэй байна вэ гэдгийг харах хэрэгтэй. “Хичээл, сургалтын хөтөлбөр нь хэр сайн юм байна?”, “Хэр их дэмжлэг, боломж, бололцоо олгож байна?” гэдгийг харгалзаж үзээрэй. Миний жишээн дээрээс авч үзэхэд, Brain Behavioral Science гэдэг мэргэжил нь сэтгэлзүйн чиглэл байсан. Манай сургууль сэтгэлзүйн судалгаагаараа маш сайн боловч судалгааны бус чиглэлийн дадлага, ажиллах боломжууд ховор. Ховор байгаагийн нэг шалтгаан нь байршил байдаг. Манай сургууль маш жижигхэн хотод байршилтай болохоор дадлагын боломжууд олон төрлөөрөө мэдээж байхгүй. Гэсэн хэдий ч манай сургууль инженерчлэл, програм хангамжийн хөтөлбөрүүдээрээ маш сайн, Америктаа нэртэй учраас том том компаниудыг урьж авчрах үйл ажиллагаа, “Career Fair” маягийн эвентүүдтэй байдаг. Энэ мэтчилэн чамд өгөх боломжуудыг харж үзээрэй. Яагаад гэвэл хэдий хичээлдээ сайн байх хэрэгтэй ч цаашдаа ажилд ороход өмнөх ажлын туршлага гэх мэт зүйлсийг илүү харж үздэг шүү. Америкт олон улсын оюутан ажилд орох нь визийн асуудал гэх мэтээс болоод хамаагүй хэцүү байдаг. Тийм учраас тухайн оюутан нь илүү ажлын туршлага, илүү чадварыг харуулж байж тухайн байгууллагаасаа визээ ивээн тэтгүүлж, ажилд орж чаддаг гэсэн үг. Иймд сургуулиас чинь чамд өгч чадах боломжуудыг харж үзээрэй.

Нарийн зүйлс гэвэл би өрөөгөө илүү гоё байх болов уу гэж бодож байсан. Манай өрөө нэлээн жижигхэн. Тэр нь бага зэрэг хэцүү байсан ч бусад зүйлс нь мэдээж хэрэг таалагдсан. 

Тэгвэл хамгийн анх сургуулийнхаа хаалгаар ороход танд ямар мэдрэмж төрж байсан бэ? Сургуульдаа элсэн ороод суралцаж байх хугацаанд таны хүлээлтэд нийцээгүй эсвэл хүлээлтээс давсан зүйлүүд байсан уу?

Өмнө нь бүр жаахан байхдаа Америкт ирээд Чикаго гэх мэт том хотуудаар аялж үзсэн, эсвэл киноноос том том барилгууд, гоё орчныг нь хардаг байсан бол яг сургуульдаа сурах гээд иртэл түүнээс өөр байсан. Өмнө нь хэлсэнчлэн манайх маш жижигхэн хот. Өндөр барилга бол бараг нэг ч байхгүй. Хотын ихэнх хэсгийг Пурдю их сургууль эзэлж таарч байгаа. Тэгэхээр орчны хувьд бага зэрэг өөр байсан. Гэсэн ч энэ нь жижиг хот гэхээрээ онцгүй гэсэн үг биш. Давуу талууд гэвэл зөндөө байгаа. Тэрийгээ дагаад бас сул тал ч бий. 

Миний одоо хамгийн сайн санаж байгаа зүйл гэвэл, би өмнө нь бүх Америкийн их сургуулиудыг маш том, гоё номын сантай гэж боддог байсан. Мэдээж заримд нь байдаг л даа. Өндөр таазтай, дээр үеийн, бүх зүйл нь модон, гоё тохижилттой гэх мэтээр төсөөлдөг байсан ч манай сургуулийн хувьд тийм байгаагүй. (инээх) Тэр нь хамгийн анх бага зэрэг урам хугармаар байсан. 

- Пурдюгийн хичээлийн хөтөлбөр  хэр ачаалалтай байдаг вэ, даалгавруудын хэмжээ гэх мэтийг сонирхуултал? Танд суралцах эхний жилдээ гаргасан алдаанууд байсан уу? Тэр үедээ тулгарсан асуудлуудаа хэрхэн шийдэж байсан бэ? 

Энэ нь сонгосон мэргэжлээсээ мөн тухайн хүүхдийн чадвараас шалтгаалах байх. Жишээлбэл, шинжлэх ухаан технологийн мэргэжлүүдийн хувьд нарийн, хүнд даалгаврууд өгдөг, яг нэг зөв хариултыг нь олохгүй бол оноо алдана гэх мэтээр явдаг бол нийгмийн ухааны мэргэжлүүдийн хувьд унших болон бичих зүйл ихтэй байдаг. Тухайн хувь хүний чадвар, сонирхлоосоо шалтгаалаад ачааллыг хүлээн авах хэмжээ нь тодорхойлогддог байх. 

Эхний жил ч гэлтгүй миний ерөнхий гаргасан алдаа нь “Аливаа юмыг хийхээсээ өмнө би тэр зүйлийн талаар тодорхой мэдлэгтэй байх ёстой, тэгж байж тухайн зүйлийг хийх ёстой” гэсэн ойлголт байсан. Тэр өөртөө өгсөн дарамтаасаа болоод 3-р курс хүртлээ ямарваа нэгэн боломжуудыг атгаж авч чадаагүй. Тодорхойлбол, манай мэргэжилд сурагчид нь сонирхсон багш нартайгаа холбогдоод “Би танай лабораторид судалгааны туслахаар ажиллаж болох уу?” гэх мэтээр туршлагаа олж авдаг. Харин би тэгэхийнхээ өмнө заавал ийм, ийм хичээлүүдийг үзсэн, тэр зүйлийн талаар мэдсэн байх ёстой гэж боддог байсан. Гэтэл би багш нартайгаа холбогдоод анхны лабораторидоо ороход хичээлийн мэдлэгээс илүү, бүх зүйлсийг тэнд орсныхоо дараа л сурч авч байсан. Тэгэхээр аливаа нэг юманд дадлага хийх ч юм уу, ямар нэгэн боломж байвал айж, санаа зоволгүйгээр оролдоод үзээрэй гэж хэлмээр байна. Тэр хүмүүс зөвшөөрөхгүй байсан ч хамаагүй ш дээ. Гэхдээ ихэнх хүмүүс дуртайяа зөвшөөрдөг шүү. АНУ-д сурахад маш олон боломжууд байдаг. Тэр болгоныг хичээл дээр чинь заахгүй. Тийм болохоор боломж нээгдэхэд санаа зоволгүй тэр хаалгаар ороод үзээрэй. 

 

- Дотуур байранд байсан бол дотуур байр болон хоолны талаар бидэнд сонирхуулаач.

Дотуур байрны хувьд арай илүү үнэтэй байрнууд нь гайгүй, шинэ байдаг. Нэг өрөөг 2 хүнтэй хувааж хэрэглэдэг бөгөөд тэр өрөө нь их жижигхэн. Өрөөндөө ортой, ширээтэй, шүүгээтэй, давхар болгон өөрсдийн нийтийн ариун цэврийн өрөөг ашигладаг. Сүүлд шинээр баригдсан байрнууд нь илүү дажгүй байж магадгүй ч мэдээж үнийн хувьд өөр байгаа. Харин хоолны хувьд манай сургууль нийт 5 хоолны тэнхимтэй. Хоолны танхимууд нь буфет маягийн байдаг бөгөөд хоолоо идэхдээ “meal plan” буюу хоолны тэнхимд үйлчлүүлэх эрх бүхий картуудыг худалдаж авдаг. Долоо хоногт хэдэн удаа хооллох тооноосоо хамаараад карт болгон өөр, өөр үнэтэй. Хоолны амт, чанарын хувьд ёстой яахав дээ л юм даа. (инээх) Гэхдээ яахав, хоол нь өдөр бүр өөрчлөгддөг, буфет маягийн учраас олон төрөл байдаг. Заримдаа өөр өөр улс үндэсний, Ази хоолнуудыг оруулахыг бодно. Гэхдээ тэдгээр нь тийм гоё биш. Муухай ч хоол биш л дээ, зүгээр л хоол. Дотуур байранд амьдарч байгаа учраас тэндээс өгч байгаа хоолыг л идээд уйдах үе байна. Гэхдээ хотод өөр, өөр хоолны газрууд байдаг учраас гайгүй. 

- Одоо сургуулийнхаа дотоод уур амьсгалын талаар сонирхуулбал?

Сурагчдын 20, 22% нь олон улсын сурагчид байдаг учир Пурдю бол хамгийн их олон улсын сурагчидтай сургуулиудын нэг. Олон улсын сурагчид ихтэй учраас соёлын хувьд олон тал байдаг. Янз бүрийн олон улсын сурагчдад зориулсан клуб гэх мэт зүйлсэд орохоор өөртэйгөө адилхан хүмүүстэй эсвэл өөр өөр хүмүүстэй танилцдаг нь үнэхээр гоё. Гэтэл нөгөө талаас Пурдю АНУ-ын Индиана гэх мужид байрладаг. Тэр мужид хуучинсаг үзэлтэй цагаан арьст хүмүүс их байх талтай. Тийм ч учраас тэндхийн иргэд нь бага зэрэг, ялгаварлаж хандах хандлагатай. Гэхдээ энэ нь үнэхээр илт, эсвэл байнгын биш л дээ.

-Пурдю их сургууль байрладаг Вест Лафайетт хотын уур амьсгал ямар байдаг вэ? ?

Индианаполис болон Чикаго хоёрын дунд байдаг болохоор тэр хоёр хот руу машинаар явахад 2 цаг, 1 цаг 30 минут болдог. Энэ хоёр хотод болдог том, том фестивалиудад зочлох боломжтой. Харин нэг хэцүү юм нь заавал машинтай байх хэрэгтэй. (инээх) Гэхдээ Пурдюд маш олон сурагчид байдаг болохоор хот хооронд зөөвөрлөдөг автобуснууд байдаг. Хэрвээ машингүй бол түүнд төлбөр төлөөд явж болно. 

Өөр манай хотын онцлог гэвэл харьцангуй амьдрах өртөг багатай, олон улс үндэсний хоолны газрууд их байдаг. 

 

-Уг сургуульд сурах хугацаандаа хийсэн хамгийн сонирхолтой хичээлээс гадуурх үйл ажиллагаа тань юу вэ? Хичээлийнхээ хажуугаар ажиллах боломж хэр их байдаг вэ

Манай сургуульд гишүүд нь долоо хоногийн нэг цагийг хариуцаж аваад, өөрийн хүссэн сэдвээрээ радио шоу хөтөлдөг мөн сургууль дээр жижиг хэмжээний амьд тоглолтууд зохион байгуулдаг “Wiley Radio” гэдэг нэртэй радио клуб байдаг. Тэр клубийн амьд тоглолтын тайзны гэрэл засалтыг  би хийдэг байсан.

Олон улсын оюутнууд 20 цагаас дээш ажиллаж болохгүй мөн ажиллахдаа сургуультай холбоотой байгууллагад л ажиллаж болно гэдэг. Тийм болохоор би сургуулийнхаа кафед гурван жил ажиллаж байсан. 

-Таны ярилцлагыг уншаад Пурдюд өргөдлөө явуулахаар бодож буй сурагчдад та юу гэж хэлэх вэ?
 

Манай сургуулийн хувьд боловсролыг маш сайн чанартай олгодог гэж би боддог. Пурдюд сурч төгссөний дараа хатуужил маш сайн суудаг юм шиг санагддаг. Мөн олон төрлийн хүмүүстэй танилцаж болно. Ерөнхийдөө маш сайн сургууль шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. 

 

© 2021 by 

bottom of page