top of page
Brown  University 
Р. Эрдэнэтулга
- Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай сайтын уншигчдад зориулаад өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Намайг Тука гэдэг. Арван жилээ Сант сургуулийг төгссөн. Шатар тоглох их дуртай. Брауны их сургуульд математик, эдийн засгийн мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалж төгсөөд 5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын банк, гарааны бизнес буюу стартап болон санхүүжүүлэгч байгууллагад ажилласан. Одоогоор Харвардын их сургуульд магистраар суралцаж байна.
- Та анх яагаад Браунд орохоор шийдэн өргөдлөө явуулж байсан бэ? Их сургуулиа сонгохоор судлаж байгаа хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгвөл...

 

Эхлээд яагаад АНУ-г сонгосон шалтгаанаа тайлбарлая. Миний хувьд арван жилээ төгсөхдөө Америк, Канад, Англи гэсэн гурван орон руу материалаа явуулж байсан. Харин АНУ-ын сургуулиудын давуу чанар нь тэдгээр сургуулиуд илүү либерал, орохын өмнө заавал мэргэжлээ сонгосон байх шаардлагагүй байдаг бөгөөд Либерал Артс сургуульд орвол илүү өргөн мэдлэг (well rounded knowledge) авах боломжтой. Тийм ч учраас Америк надад илүү сонирхолтой санагдаж байсан. 

Браун сургууль маань сая дурдсанчлан Либерал Артс сургууль мөн Ivy League-т багтдаг. Хэдийгээр Ivy League сургууль ч оюутнууд нь хоорондоо нэг их өрсөлдөөд байдаггүй, маш эерэг, найрсаг уур амьсгалтай газар.  Уур амьсгалаас гадна Провиденс гэх хотод байрладаг кампус нь надад их таалагдсан учраас мөн уг сургуулийг сонгоход нөлөөлсөн. 

Сургуулиа сонгохоор судалж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд шууд Google-дээд шилдэг үзүүлэлттэй сургуулиудыг харахаас илүүтэй, сургууль болгоны өөрсдийн гэсэн онцлог, чиний хувь хүнд тохирох сургууль мөн эсэх, кампусын амьдрал, оюутнуудын хоорондын уур амьсгал, сургуулиа төгсөхөд ямар төрлийн ажлын боломж олгодог гэх зэргийг судалбал илүү чамд тохирсон сургуулийг олох боломжтой. Их сургуульд сурах нь чиний 4, 5 жил тухайн газраа амьдарч, тэнд төлөвших асуудал болохоор нарийн судалж үзээрэй. 

-Тэгвэл хамгийн анх сургуулийнхаа хаалгаар ороход танд ямар мэдрэмж төрж байсан бэ? Сургуульдаа элсэн ороод суралцаж байх хугацаанд таны хүлээлтэд нийцээгүй эсвэл хүлээлтээс давсан зүйлүүд байсан уу?

Ivy League сургуульд орно гэж бараг төсөөлж ч байгаагүй учраас Брауны их сургуульд орохдоо маш их баярлаж байсан. Мөн тухайн үед миний англи хэл нэлээн тааруухан байсан болохоор “Брауны их сургууль намайг яагаад авчхав аа?” гэсэн үл итгэлцэл, “Үнэхээр би энэ сургуульд сурч чадах болов уу?” гэсэн бага зэргийн айдас, эмээлттэй хамгийн анх сургуульдаа очсон.  

Хүлээлтийн хувьд сургууль маань миний хүлээлтийг бүх талаараа давж чадсан. Мэдээж хичээлийн хувьд хүндрэлтэй зүйлс байсан ч давшгүй даваа байгаагүй. Тэр нь миний хувьд их эерэг эргэлт байсан. Мөн богино хугацаанд олон найзуудтай болж чадсан. Манай сургуулийн олон улсын сурагчид ойролцоогоор нийт сурагчдын 30 хувийг эзэлдэг. 1500 орчим хүүхдээс 485 гаруй нь олон улсын оюутнууд байсан. Ихэнх АНУ-ын сургуулиудын бараг 80, 90 хувь нь Америкчууд байдаг болохоор 30 хувь гэдэг мэдээж өндөр үзүүлэлт. Тийм ч болохоор Браун сургуулийн хувьд харьцангуй олон улсын уур амьсгалтай. Хэдийгээр соёлын ялгаа байдаг ч олон улсын сурагчид гэдэг утгаараа нэг нэгэнтэйгээ харилцаа, холбоо үүсгэх боломж өндөр.

Yale-ийн оюутны хотхоны орчин, байршлын онцлогийг танилцуулаач. 

Yale-ийн их сургууль нь Connecticut мужийн New Haven хотод байдаг. Уг хот нь хэмжээний хувьд дундаж, миний мэдэхийн 130,000 гаруй хүн амтай хот байдаг. Хотынх нь гол эдийн засаг, нийгмийг бүрдүүлдэг зүйл нь Yale-ийн их сургууль. Ойр хавийн жижиг дэлгүүр, бизнес, хоолны газрууд гэх мэтчилэн бүх зүйл нь Yale-ийн их сургууль, оюутнуудыг түшиглэсэн байдаг. 

Yale-ийн их сургууль хоёр кампустай. Хотын нэг талд нь сургуулийн хуучин кампус, нөгөө талд нь сургуулийн шинэ кампус байрладаг. Кампус нь нэг хашаан дотор гэхээсээ илүүтэй хотоороо тархчихсан байдаг. Хуучин кампус нь 1700, 1800-аад оны үеийн хуучны барилгуудаас бүрддэг бол  миний сурсан менежментийн их сургууль байрладаг шинэ кампусын хувьд 2000-аад оноос хойш баригдсан, бүгд орчин үеийн, шилэн,, технологийн хувьд өндөр дэвшилттэй барилгууд байдаг. Яг л шинэ, хуучин хоёр ертөнц зэрэгцэн оршиж байгаа юм шиг. 

- Та Браунд бакалаврын зэргээ хамгаалаад, Харвардад магистрын зэрэгт суралцаж байна. Тэгвэл уг сургуулийн оюутнуудын хооронд ямар ялгаа байсан бэ? Ер нь юугаараа ялгаатай байсан бэ?  

Тухайн үед надтай хамт Браунд бакалаврын зэрэгт суралцсан хүүхдүүд дөнгөж ахлах сургуулиа төгссөн 17, 18-тай жаахан хүүхдүүд байсан. Эцэг эх болон эх орноосоо анх удаагаа хол, Америкт анх удаагаа ирж байгаа, мөрөөдлөөр дүүрэн, нэг нэгэнтэйгээ дотно харилцаа холбоотой  хүүхдүүд гэх мэт маш гоё энерги, уур амьсгалтай орчин байсан. Харин Харвардад аль хэдийн бакалавраа төгсөөд магистрын хөтөлбөрт хамрагдаж байгаа залуучуудын маань дундаж ажлын туршлага 4-5 жил. Тийм болохоор ихэнх нь гэр бүлтэй, нэлээн нухацтай ажлын туршлагатай мөн магистраа төгсөөд том компаниудад орох өндөр боломжтой хүмүүс. Ерөнхийдөө нэлээд нухацтай уур амьсгалтай учраас бидний хоорондын харилцаа тийм нээлттэй, naive (гэнэн) бол биш. Харилцааных нь төвшин бакалавраас хамаагүй өөр учраас үүнийг хамгийн том ялгаа нь гэж бодож байна. 

- Дотуур байранд байсан бол дотуур байр болон хоолны талаар бидэнд сонирхуулаач. 

Хөгжиж буй орноос ирж буй оюутнуудын ихэнх нь АНУ-ын их сургуульд очоод их гайхширдаг. Яагаад гэвэл хоол нь үнэхээр гоё. (инээх) 1-р курсийн оюутнуудад бүгдэд нь “meal plan” буюу "хоолны план" гэж өгдөг. Харин манай сургуулийн хувьд тэр нь буфет маягаар буюу хүссэн зүйлээ, хүссэн хэмжээгээрээ идэх журмаар явагддаг байсан. 

Манайд сургуульд гурван том хоолны танхим байдаг. Гол хоолны танхим нь бараг 500, 600 орчим оюутныг багтаах чадалтай үнэхээр том танхим. Тэгэхээр уг танхимд чиний таньдаг, таньдаггүй гээд бүх хүүхдүүд хооллодог гэсэн үг. Тийм ч болохоор найзуудтайгаа хамт хоолоо идэж, ярилцах мөн таньдаггүй хүүхдүүдтэйгээ танилцах боломж олддог. Хоолных нь хувьд үнэхээр л бүх төрлийн хоол байдаг гэж хэлж болно. Бургер, хотдог, салат, халуун ногоотой хоолнууд, төрөл бүрийн удаа мөн төрөл бүрийн зуушнууд, зайрмаг гээд л. Тийм ч ураас бид “Freshman Fifteen” гэж  хэлдэг. Freshman гэдэг нь эхний курс гэсэн үг шүү дээ. Тэгэхээр “Freshman Fifteen” гэдэг нь эхний курсдээ сурч буй хүүхдүүд дунджаар 15 паунд жин нэмдэг гэдгийг хэлж байгаа юм. (инээх)

Дотуур байрны хувьд ч маш гоё. Учир нь дотуур байрандаа хүмүүс бас их харилцаа холбоо үүсгэдэг. Дотуур байрнууд нь өөрсдийн гэсэн нэртэй. Миний байршсан дотуур байрыг “Perkins” гэж нэрлэдэг, харин бид өөрсдийгөө “Opportunities” хэмээн хочилдог байсан. Ихэвчлэн оюутнууд өрөөний хамтрагчтай болдог бөгөөд манай өрөөний хамтрагч ази-америк хүүхэд байсан. Түүнтэй мөн их цагийг өнгөрүүлдэг, дотно байсан. 

- Браун их сургууль байрладаг Провиденс хотын уур амьсгал ямар байдаг вэ?

Би Провиденс хотыг бараг мэдэхгүй. Учир нь Браун сургуульд очихоор нэг  бөмбөлөг (bubble)-т орчихдог. Браун гэдэг тэр жижиг бөмбөлөг нь өөрөө үнэхээр гоё орчин болохоор тэндээс нэг их гарах шаардлагагүй байдаг. Брауны их сургууль нь тухайн хотынхоо нэг жижиг хэсгийг эзэлчихсэн том кампустай. Мөн “Thayer Street” гэх гудамжинд зөвхөн Брауны оюутнуудад үйлчлэх зориулалттай маш олон үйлчилгээний газрууд байгаа. Кофе шоп, хоолны газрууд бүр кино театр хүртэл тэр хэсэгт байх жишээний. Энэ мэтчилэн кампусаасаа гарах шаардлага барагтаа гардаггүй учир би дөрвөн жилийн турш Брауныхаа жижиг бөмбөлөгт байсаар төгссөн.

Ерөнхийдөө Провиденс надад их тайван хот юм шиг санагддаг. Гэсэн хэдий ч яг үнэнийг хэлэхэд тухайн хот ямар байх нь тийм ч хамаатай байгаагүй. Учир нь кампустаа хангалттай цагийг зугаатай өнгөрүүлж чаддаг байсан.

- Браунд суралцахад таныг нүдийг нээсэн, тухайн зүйлийг харах өнцгийг тань бүрэн өөрчилсөн зүйл байсан уу? Тийм бол юу байсан бэ?

Намайг өөрчилсөн хоёр зүйл байгаа юм байна. Нэгт, өмнө нь гайхширч, биширдэг байсан том, том компаниудын аль руу нь ч орох боломж байдаг гэдгийг ойлгосон явдал. Хөгжиж буй орноос Америкт ирж байгаа бидний хувьд “Ямар их боломж байгаа вэ?” гэдгийг харах цар хүрээ нь хязгаарлагдмал байдаг юм шиг санагдсан. Тэгэхээр Браун ч гэлтгүй АНУ-ын их сургуульд орсноор чиний хажууд байгаа 3, 4-р курст суралцдаг ах, эгч нар маш том, мөрөөдлийн компаниуд руу чинь өндөр цалингийн санал аваад явахыг харна. Тэр үед “Өчигдөрхөн л надтай хамт бургер идээд сууж байсан ах, эгч нар Facebook, Apple, Morgan Stanley гэх мэт компаниуд руу орчихлоо ш дээ!” гэж бодогддог. Үүгээрээ Браун сургууль миний харах өнцгийг тэлж өгсөн. 

Шилдэг, сайн сургуульд орох нь бараг л хамгийн амархан хэсэг нь. Харин мөрөөдлийнхөө ажилд орох тэр үйл явц нь ямар хэцүү, өрсөлдөөн ихтэй зүйл байдгийг ойлгож авах нь миний хувьд хоёр дахь ухаарал маань байсан. Мөн энэ бүхэнд хүрэх өөр ямар ч дөт зам байхгүй, үнэхээр их хичээх хэрэгтэй гэдгийг ойлгосон. 

Чи сайн сургуульд орчихсон, тухайн сургуульд орж болох байсан өөр хүний суудлыг авчихсан учраас энэ боломжоо тултал нь ашиглах хэрэгтэй. Шилдэг, сайн сургуульд орсон ч гэсэн нэг их зүйл хийхгүй, зүгээр л дөрвөн жилийн хугацаанд цагийг зугаатай өнгөрөөн, өөрт ирсэн боломжийг ашиглаж чаддаггүй хүүхдүүд байдаг. Гэхдээ дийлэнх хэсэг нь яг өөрийнхөө хүсэл тэмүүллийг дагаад мөрөөдлөө биелүүлж чаддаг. Тийм ч учраас манай сургууль их гоё. Нэг нь мундаг програм хангамжийн  инженер болох, нөгөө нь харин мундаг зөвлөгч, хөрөнгө оруулалтын банкир болох гэх мэт  миний ойр хавийн бүх хүүхдүүд бүгд өөр, өөрсдийн хүсэл тэмүүлэлтэй байсан. Эцэст нь бараг л бүгд мөрөөдөлдөө хүрч чадсан бөгөөд бид бүгд түүнд хүрэхийн тулд маш их хичээсэн. Гэхдээ тэгж хичээх боломжийг олгож байгаа нь магадгүй хамгийн том бэлэг байх.

 

- АНУ-ын сургуулиудад өргөдлөө явуулахаар бэлдэж буй хүүхдүүдэд хандаж таны зүгээс хэлэх зөвлөмж, урмын үг байвал хэлээч.

Миний хэлэх зүйл хүн бүрийн л хэлдэг түгээмэл зүйл шиг санагдаж магадгүй, гэхдээ би үүнийг үнэн гэж бодож байна. Нэгт, боломж хаа сайгүй байгаа. Учир нь АНУ-д сурах тухай мэдээлэл өнөөдөр маш их байна. Өмнө нь тэр талын мэдээлэл хомс байдаг байсан. Чи үнэхээр өөрөө хичээж чадвал өөрийн хүссэн ямар ч сургуульдаа орох боломжтой. Хоёрт, аль болох том сургууль руу л оръё гэж зүтгэх хэрэгтэй. Том сургуульд ороход бас их бэлтгэл ордог шүү дээ. SAT, TOEFL-ийн шалгалтаа сайн өгнө, эсээгээ сайн бичнэ, дор хаяж нэг, хоёр жилийн өмнөөс нэлээн сайн бэлдэх хэрэгтэй гэх мэт. Тэгэхээр энэ үйл явц нь өөрөө чамайг тэс өөр хүнд хувирган, хөгжүүлдэг. Тийм ч учраас том сургуульд орохыг хичээснээрээ, тухайн сургуульдаа орж чадаагүй байлаа ч түүнээс арай доогуур төвшний сургуульд орох боломж аль хэдийн нээгдчихсэн байдаг. Учир нь чи өндөр бэлтгэлтэй болчихсон байна шүү дээ. Тэгэхээр боломж байгаа учраас өөрийгөө гололгүй, том сургууль руу оръё хэмээн зориорой! Баярлалаа. 

 

© 2021 by 

bottom of page