сургуулиуд
“It's not what happens to you, but how you react to it that matters.”
Олон улсын харилцаа
Олон улсын харилцааны чиглэлээр суралцах нь дэлхийн үйл ажиллагаа, улс үндэстнүүд болон олон улсын томоохон байгууллагууд хэрхэн ажилладгийг ойлгоход тусалдаг. Сонирхолтой сонсогдож байна уу? Тэгвэл үргэлжлүүлэн уншаарай.
Олон улсын харилцаа гэж юу вэ?
Олон улсын харилцаа нь оюутнуудад засгийн газар хоорондын харилцааг судлах боломжийг олгодог өргөн цар хүрээтэй сэдэв юм. Зарим тохиолдолд үүнийг олон улсын судалгаа, олон улсын харилцаа, дэлхийн судлал гэж нэрлэдэг бөгөөд уг хичээлүүдийг их сургуулийн хүмүүнлэг, нийгмийн ухааны тэнхимүүдэд суралцах боломжтой. Олон улсын харилцааны чиглэлээр суралцахдаа оюутан үндэсний улсууд болон Европын холбоо, Нэгдсэн Үндэсний Байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг засгийн газар хоорондын томоохон байгууллагуудын харилцаанд анхаарлаа төвлөрүүлдэг. Энэ сэдвийг ихэвчлэн улс төрийн шинжлэх ухаан эсвэл салбар дундын гэж ангилдаг. Мөн эдгээр нь улс төр, хууль эрх зүй, түүх, газарзүй, эдийн засгийн салбарыг хамардаг байна.
Олон улсын харилцааны бакалавраар юу сурдаг вэ?
Олон улсын харилцаа нь өргөн цар хүрээтэй сэдэв тул маш олон мэргэжлүүд уг нэг чиглэлээс салаалдаг ажээ. Энэ нь оюутнууд анхаарлаа төвлөрүүлэн, гүнзгийрэх нарийн чиглэлээ сонгох боломжтой гэсэн үг юм.
Сургалтын дийлэнх нь онолын модулиудаар эхэлдэг. Олон улсын харилцаа эсвэл дэлхийн судлалын ихэнх нь онолд суурилсан тул эхнээсээ үүнийг ойлгох нь маш чухал юм. 1945 оноос хойших Европын улс төр, Ойрхи Дорнод дахь дипломат харилцаа, жендерийн улс төр гэх мэтээр хичээлийн сэдвүүд цааш үргэлжилнэ. Олон улсын харилцаа нь эдгээр асуудлыг судалж, ойлгоход онолын мэдлэгийг ашигладаг.
Ихэнх бакалаврын хөтөлбөрүүд 3-4 жил үргэлжилдэг. Эхний жил нь ихэвчлэн улс төр, хууль эрх зүй, эдийн засаг гэсэн сэдвүүдийн танилцуулга явагдана. Үүний дараа оюутнууд аль чиглэлээр сурахаа сонгох боломжтой. Олон улсын харилцааны бакалаврын зэрэг олгох сүүлийн жил нь оюутнуудаас диссертац бичихийг шаарддаг боловч энэ нь үргэлж тийм байдаггүй бөгөөд зарим зэрэг нь илүү өргөн цар хүрээг хамарсан нэмэлт хичээлүүдэд илүү анхаардаг.
Олон улсын харилцааны чиглэлээр суралцах нь улс төр судлахаас юугаараа ялгаатай вэ?
Олон улсын харилцаа бол улс төрөөс хамаагүй том сэдэв юм. Улс үндэстнүүдийн хоорондын харилцааг олон улсын болон дэлхийн судалгаануудад хамруулахын зэрэгцээ төрийн бус байгууллагууд, дэлхийн хэмжээний байгууллагууд, олон үндэстэн, блокуудын гадаад бодлого зэрэг илүү өргөн сэдвүүдийг судалж байгаа нь ч өнөөдрийн дэлхийн харилцан уялдаа холбоог мэдээлэхэд тусалдаг.
Антропологи, хүн ам зүй, терроризм, хүний эрх зэрэг нь улс төр, олон улсын харилцааны аль алиных нь сэдэв байж болох боловч олон улсын харилцаанд илүү анхаарал хандуулж, улс орнууд эдгээр асуудлыг шийдвэрлэх гарц олохыг хичээдэг болохыг анхаараарай.
Олон улсын харилцааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах гол шалтгаанууд
Хурдацтай хөгжиж буй дэлхий ертөнцөд олон улсын харилцааны чиглэлээр бакалавр эсвэл мастерын зэргийг сонгох суралцах олон гайхалтай шалтгаанууд байдаг. Тэр олон шалтгаануудаас энд хамгийн шилдгүүдийг нь оруулав:
-
Соёл хоорондын харилцаа холбоо. Интернет хүмүүсийг дэлхийн хаанаас ч хамаагүй бие, биетэйгээ холбогдон, ажил, бизнес эрхлэхэд хялбар болгосон. Гэхдээ бие биенээ ойлгохгүй байгаа тохиолдолд энэ холболтын хэрэг юу билээ? Олон улсын харилцаа нь бусад хүмүүс ертөнцийг хэрхэн хардаг тухай ойлголтыг танд өгөх болно. Энэ нь таны үзэл бодлоос тэс өөр байж ч болох юм!
-
Шүүмжлэлтэй сэтгэх чадвар. Соёл хоорондын харилцааны нэгэн адил олон улсын харилцааны зэрэг нь өөр өөр аргументыг ойлгож, мөн тухайн асуудлыг олон талаас нь харж, төрөл бүрийн асуулт асуудаг болоход таныг сургах болно. Шүүмжлэлтэй сэтгэх чадвар нь мэдээж 21-р зууны хамгийн эрэлттэй ур чадвар болсон шүү дээ.
-
Маш олон боломжууд байна! Олон улсын харилцаа үнэхээр өргөн сэдэв. Гэсэн хэдий ч өргөн цар хүрээнээс нь битгий цухалдаарай. Энэ нь та сонирхсон сэдвүүдээ нухацтай сонгож, зөвхөн тухайн чиглэлээр судалгаа хийх, ажил эзэмших боломжтой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл уян хатан байдлын давуу талтай. Жишээлбэл, та бараг бүх мэргэжлийн салбарт олон улсын харилцаа гэсэн хичээлийг авах боломжтой. Тухайн хичээлээс сурч авсан ур чадвар нь бусад олон салбар луу хөрвөн шилжих боломжтой бөгөөд энэ нь олон янзын мэргэжлийн сонголтыг танд нээж өгдөг.
Олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх боломжтой карьерууд:
-
Төрийн албан тушаал буюу төрийн ажилтан
-
Дипломат
-
Тагнуул, цагдаа
-
Сэтгүүл зүй
-
Тусламж эсвэл хөгжлийн ажилтан
-
Компанийн зөвлөгч
-
Төрийн бус байгууллага
-
Буяны салбар
-
Банк
Сургуулиа хэрхэн сонгох вэ?
Та бүхэнд бид Niche.com-оос гаргасан мэдээллийн дагуу олон улын харилцааны хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа гүнзгийрүүлээрэй.
Эх сурвалж: study.eu