сургуулиуд
“Don't let perfect be the enemy of good”
- Voltaire
Инженерчлэл
Инженерийн мэргэжлээр юу сурдаг вэ?
Маш олон хүмүүс инженерчлэлийг ерөнхий шинжлэх ухаан гэж андуурдаг. Хэдийгээр инженерчлэл нь ерөнхий шинжлэх ухаантай холбоотой боловч энэ нь шинжлэх ухааны мэдлэг, үзэл баримтлалыг бодит амьдрал дээр ашиглах явдал юм. Чухамдаа тулгамдсан асуудлын шийдлийг инженерүүд маш хурдан хугацаанд олж нээж хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Ихэнх инженерийн мэргэжлүүд гол төлөв шинжлэх ухаан, математикийн аль алинаар түлхүү сурдаг. Хөтөлбөр, байгууллагаас хамааран инженерийн мэргэжлээр дадлага хийх болон эрдэм шинжилгээний судалгаан дээр мөн ажиллана.
Инженерийн хэд хэдэн хөтөлбөрүүд нь бизнес, хууль, ёс зүйн чиглэлээр сургалт явуулж инженерийн мэргэжлээр уламжлалт боловсролыг нэмэгдүүлж эхэлсэн. Мөн инженерийн чиглэлээр мэргэшсэн бизнес эрхлэгчид шийдэл боловсруулах асар их боломж бололцоотой болжээ.
Инженерийн чиглэлээр ямар ажил сонирхолтой байдаг вэ?
Компьютерийн инженерүүд амьдралын чанарыг сайжруулахаас гадна бизнесийн хурдыг нэмэгдүүлэх боломжтой санаануудыг судалдаг. Шинэ програм хангамжийг бий болгохоос эхлээд одоо байгаа програмыг сайжруулах хүртэл компьютерийн инженерүүд технологийн шийдлийг байнга боловсруулж, хэрэгжүүлж байдаг.
Барилгын инженерүүд эрчим хүч ашиглах, ус цэвэрлэх, тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх шинэлэг шийдлийг эрэлхийлдэг. Барилгын инженерүүд компани дотроос шинэ санааг амилуулж нийгэмд нөлөөлж чадна. Мөн тэд болзошгүй алдаанаас биднийг хамгаалж, засгийн газар, хувийн хяналтын байгууллагуудад, шинжээчээр ажилладаг.
Биохимийн инженерүүд бидний хоол тэжээл, хүрээлэн буй орчинтой холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд амьд системийг судалдаг. Тэдний судалгаа, инноваци нь газар тариалангийн ургацыг сайжруулж, дэлхийн хүн амын ихэнх хэсгийг тэжээхэд тусална.
Био анагаахын инженерүүд бидний урт наслах, эрүүл амьдрах арга замуудын талаар шийдэл хайдаг. Дэлхийн хүн амын тоо, нас аль аль нь өсөхийн хэрээр бидний эрүүл мэндийг баталгаажуулах шинэ био анагаахын хэрэгсэл, процессыг зохион бүтээх гэх мэт нь био анагаахын инженерүүдийн гол судлагдахуун юм.
Та яагаад коллежид инженерийн мэргэжлээр суралцах хэрэгтэй вэ?
Инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнууд ч гэсэн шинэлэг судалгаа, төсөлд оролцож, өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой байдаг. Yahoo болон Google нь Стэнфорд гэх мэт их дээд сургуулиудын дэмжлэгтэйгээр инженерийн чиглэлийн судалгааны төслүүд хэрэгжүүлж эхэлсэн. Мэдээжийн хэрэг бүх судалгааны төслүүд тийм ч нэр хүндтэй байдаггүй, гэхдээ судалгааны төслүүд нь танд маш их зүйлийг ойлгуулж туршлага нэмж өгнө.
Ямар төрлийн оюутнууд инженерийн мэргэжлээр ихэвчлэн төгсдөг вэ?
Хэрэв та асуудлыг шийдвэрлэх дуртай мөн бүх зүйлийг дараагийн төвшинд аваачихыг хүсч байвал инженерийн зэрэг нь танд тохирч магадгүй. Инженерийн карьер нь байнгын шинэчлэлд тулгуурладаг тул инженерүүд орчиндоо дасан зохицож, хүрээлэн буй орчноо сайжруулж хөгжүүлдэг. Ийм ч учраас инженерүүд хүмүүстэй сайн харилцаатай байж, бага хугацаанд ч бүтээмжтэй ажиллаж сурах шаардлагатай байдаг байна. Инженерүүд хоорондоо үе үе маш өрсөлдөөнтэй байдаг ч тэд байнга нэгдэж, хамтарч ажиллах хэрэгтэй болдог.
Инженерийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс асуудлын шийдэлд дүн шинжилгээ хийдэг тул эдгээр асуудлыг ойлгох чадвар нь асар их өөрчлөлтийг авчирдаг. Жишээлбэл, түүхийн хичээл нь инженерийн мэргэжилд давтагдаж буй асуудлуудын өмнөх шийдлүүдийг ойлгоход тусалдаг. Нийгмийн шинжлэх ухаанд хамрагдах нь инженерүүдэд төрөл бүрийн шийдлүүдийн нийгмийн үр дагаврыг ойлгоход нь тусалж, бусдын ч мэддэггүй асуудал, шийдлийг олж харахад хэрэгтэй. Уран зохиолын судалгаа ч гэсэн инженер хүний оюун санаанд нэмэлт бүтээлч оч нэмж болно.
Эдгээр чиглэлээр инженерийн мэргэжлээ сонгох боломжтой байдаг. Чиглэл тус бүр дээр даран холбогдох эх сурвалжаас нэмэлт мэдээлэл авах боломжтой.
Хүрээлэн буй орчны инженерчлэл
Өргөдөл гаргах үйл явц
Инженерийн хөтөлбөрт элсэх шаардлага нь коллеж бүрээс хамаарч өөр өөр байдаг боловч зарим нийтлэг зүйлсийг энд дурдъя. Ихэнх сургуулиуд ерөнхий боловсролын шаардлагынхаа хүрээнд оюутнуудаас математик, байгалийн ухааны өндөр төвшний оноотой байхыг шаарддаг. Зарим коллежууд оюутнуудыг хөтөлбөрт хамрагдахаасаа өмнө математик, физикийн мэдлэгийн шалгалт өгөхийг шаарддаг, учир нь эдгээр чадварууд нь амжилттай инженер болоход зайлшгүй шаардлагатай байдаг хүчин зүйл юм. АНУ-д инженерчлэлийн чиглэлээр суралцахыг хүсч буй олон улсын оюутнуудын хувьд тэд судалгаа хийж, сургуулийнхаа вебсайтыг шалгаж, өргөдөлд тавигдах шаардлагуудтай танилцах хэрэгтэй.
Шилдэг сургуулиуд
АНУ даяар инженерчлэлийн олон хөтөлбөр байдаг ч цөөн хэд нь бусад сургуулиудаас ялгардаг. US News-ээс гаргасан жагсаалтаас харахад Массачусетсийн Технологийн Институт (MIT), Стэнфордын Их Сургууль, Беркли дэх Калифорнийн Их Сургууль бакалаврын инженерийн хөтөлбөрийн чанарын тухайд уг жагсаалтыг тэргүүлж байна. АНУ-д инженерийн чиглэлээр суралцах, дээд төвшний боловсрол эзэмших хүсэлтэй олон улсын оюутнууд эдгээр хөтөлбөрт хамрагдах талаар бодож үзээрэй. Мөн зарим сургуулиудад зөвхөн инженерийн хөтөлбөрөөс гадна инженерийн салбарт багтах бусад олон хөтөлбөрүүдийг санал болгодог. Жишээлбэл, Канзасын их сургууль нь цахилгаан ба электроникийн инженерчлэл, инженерийн физик болон хэрэглээний физик, инженерийн шинжлэх ухаан, инженерчлэл, үйлдвэрлэлийн менежментийн чиглэлээр хөтөлбөрүүдийг санал болгодог.
Түүнчлэн инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн маш өргөн хүрээний мэргэжилтнүүд байдаг. АНУ -д хамгийн өндөр цалинтай инженерийн ажил бол:
-
Газрын тосны инженерчлэл
-
Электроникийн инженер
-
Компьютерийн инженер
-
Агаарын сансрын инженерчлэл
-
Химийн инженер
-
Материалын инженерчлэл
Инженерийн чиглэлээр ажилладаг хүмүүст олон улсын хөдөлмөрийн зах зээл нь ирээдүйтэй салбар юм. Учир нь хөгжиж буй зах зээлүүдийн үйлдвэрлэлийн болон худалдааны томоохон өргөтгөлийн улмаас инженерүүдийн эрэлт их байдаг ажээ. Та аль улсад ажиллахыг хүсч байгаагаас үл хамааран хэлийг сайн ойлгох хэрэгтэй бөгөөд ингэснээр инженерүүдэд шаардлагатай техникийн нэр томьёог ашиглах чадвартай болно. Оюутнууд боловсролоо үргэлжлүүлж, инженерийн мэргэжлээр төгссөн бол мэргэжлээрээ ажиллах боломж, цалингийн хэмжээ аль аль нь эрс нэмэгддэг байна.
Инженерчлэл бол суралцахаар сонгоход хэцүү зам бөгөөд оюутнууд төслүүдээ судалж, олон цагаар ажиллахад бэлэн байх хэрэгтэй байдаг. Хэдийгээр энэ нь бусад зэрэг олгох хөтөлбөрөөс илүү хэцүү боловч АНУ -д инженерчлэлээр суралцах нь карьерын хувьд ашигтай, өгөөжтэй олон боломжийг нээж өгдөг. Хэрэв та асуудал шийдвэрлэх, математик, шинжлэх ухаан болон энэ чиглэлийн бусад зүйлд сонирхолтой бол инженерийн чиглэлээр суралцах нь таны зам байж магадгүй юм.
Сургуулиа хэрхэн сонгох вэ?
Та бүхэнд бид USNews.com-оос гаргасан мэдээллийн дагуу инженерийн хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа гүнзгийрүүлээрэй.
Энэ чиглэлээр суралцахыг хүсвэл нэмэлтээр судлах боломжтой эх сурвалжууд:
Эх сурвалж: USNews.com, internationalstudent.com