top of page
Massachusetts 
Institute of  Technology 
Д. Итгэл
- Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай сайтын уншигчдад зориулаад өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Намайг Итгэл гэдэг. Би MIT-ийн 2-р курсийн оюутан. 2019 онд Сант сургуулийг төгсөөд Америкт ирж сурсан. 
 
- Өөрийн сурч буй мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач. Яагаад уг мэргэжлийг сонгон суралцаж байгаа вэ?

 

Би одоогоор Computation and Cognition буюу нервологи болон програм хангамжийн define interdisciplinary major (тухайн мэргэжлийн нэг салбар чиглэл)-ээр суралцаж байгаа. Анх сургуульдаа ирээд “Програм хангамжаар сурах ер нь хэрэгтэй юм байна” гэж бодсон. Гэхдээ дан ганц програм хангамж гэлгүйгээр тухайн мэргэжлийн илүү нарийн салбар луу орохоор шийдсэн. Угаасаа ч манай сургууль компьютерийн шинжлэх ухаан, програм хангамжаараа алдартай байдаг болохоор олон нарийн хөтөлбөрүүдтэй. Түүнээс нь харж байгаад “Нервологийг илүү зүгээр юм байна. Дараа нь тэр чиглэлийн эмгэгүүдээр эсвэл програм хангамж тал руугаа орсон ч гэсэн хиймэл оюун  ухаан гэх мэт чиглэл рүү хөрвөж болох юм байна” гэж бодон, үнэхээр сонирхолтой санагдаад энэ мэргэжлийг сонгосон байгаа. 

-Та анх яагаад MIT-д орохоор шийдэн өргөдлөө явуулж байсан бэ? Их сургуулиа сонгохоор судалж байгаа хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгвөл?

Тухайн үед мэргэжлээ бүрэн тодорхойлоогүй байсан ч IT талын эсвэл Material Science-тай холбоотой мэргэжил сонгоно гэж бодож байсан болохоор MIT болон тэр чиглэлдээ сайн бусад сургуулиудыг сонгож байсан. 

Их сургуулиа сонгохоор судалж буй хүүхдүүдэд зөвлөгөө гэвэл, угаасаа шууд мэргэжлээ бүрэн тодорхойлно гэдэг хэцүү. Яагаад гэвэл сургуульдаа ирснийхээ дараа тухайн чиглэлээр сурч байсан хүүхдүүдтэй танилцаад, ярилцаж үзэхээр бодол бас их өөрчлөгддөг. Тийм болохоор ерөнхий чиглэл буюу IT, инженер, хөгжим гэх мэтээр тодорхойлоод түүгээрээ сургуулиудаа судалбал зүгээр санагдсан. Мөн дээрээс нь сургуулийн хүрээлэл, тухайн сургуулийг үүсгэдэг хамт олон миний хувьд маш чухал гэж бодож байна. “Тэр хүрээлэлд би өөрөө тохирохоор байна уу?” гэдгээ судалбал мөн зүгээр. Тэрийг судлах нэг арга нь, тухайн сургуульд сурч буй монгол эсвэл өөр таньдаг гадаад хүүхдүүдтэйгээ ярих юм. Намайг яг MIT-д өргөдлөө явуулж байхад манай 10 жилийн сургуулийг төгссөн дээд ангийн ах, эгч нар MIT-д сурдаг байсан болохоор  уг сургуулийг сонгоход бас нөлөөлсөн.

 

Хамгийн анх сургуулийнхаа хаалгаар ороход танд ямар мэдрэмж төрж байсан бэ? Сургуульдаа элсэн ороод суралцаж байх хугацаанд таны хүлээлтэд нийцээгүй эсвэл хүлээлтээс давсан зүйлүүд байсан уу?

Хамгийн анх “тэнцсэн” гэдгээ мэдчихээд сургуулийнхаа өөр сонирхолтой зүйлсийг судалж үзсэн. Жишээлбэл, очихоосоо өмнө дотуур байраа сонгодог болохоор бас онлайнаар өрөөнүүдийнхээ зургийг үзэж байлаа. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд би тийм ч их хүлээлт тавиагүй. BUOP (Best University Opportunity Program)-д явж байхад багш нар маань “Нэг их хүлээлт битгий тавиарай!”, “Кинон дээр гардаг шиг биш шүү!” гэж хэлдэг байсан болохоор том хүлээлт тавиагүй байсан. Сургуульдаа ирэхэд бол яалт ч үгүй маш их баярладаг юм билээ. International Orientation-ий үеэр олон хүүхэд байхгүй ч, бас нэлээн хүүхдүүд ирчихсэн байдаг. Тэр үеэр олон хүүхдүүд наана, цаана яваад л би бүүр ачаагаа ч тавихгүй ID-гаа авч байсан. Шинэ оюутнуудыг онгоцны буудлаас тосдог дээд ангийн хүүхэд гэж байдаг. Тэр хүүхэдтэй хамт ID авах өрөөгөөрөө ороод дараа нь дотуур байр луугаа явж байсан. Тэгж үнэмлэхээ авсныхаа дараа л “Энэ бүхэн жинхэнэ юм байна” гэдгийг мэдсэн. Тухайн үедээ үнэхээр догдолж байсан. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Суралцах эхний жилийнхээ туршлагаасаа хуваалцаач, ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байсан бэ?

Эхний жилдээ хүүхдүүд бүгд л “Honeymoon phase” -тэй байдаг болохоор тийм ч их асуудал тулгардаггүй. Гэхдээ миний хувьд тулгарсан хамгийн том асуудал нь КОВИД-19 байсан. Би ирээд 1 семестр хагас танхимаар хичээллээд дараа нь онлайнаар сурсан. Бүх зүйл онлайнаар болох тэр эргэлт миний хувьд бага зэрэг хэцүү байсан ч тэрэндээ дасан зохицож чадсан.

Мөн миний хувьд Монгол хүүхдүүд гадаадад сурахаар ирснийхээ дараа ямар нэгэн асуудал тулгарахад өөрт нь хэрэгтэй ч гэсэн, туслалцаа хайдаггүй юм шиг санагдсан. Гэтэл энд суралцдаг хүүхдүүд өөрт нь ямар ч асуудал, хэрэгцээ гарч ирсэн тухайн хүний албан тушаалаас нь үл харгалзан санаа зоволгүйгээр, гэхдээ хүндэтгэлтэйгээр туслалцаа авч чаддаг. Тийм болохоор туслалцаа авах хэрэг гарвал огтхон ч санаа зоволгүйгээр сургуулийнхаа ажилтан, багш нартай холбогдох хэрэгтэй байх. Учир нь сургуульд чинь ажилладаг тэр хүмүүс бүгд л сурагчдадаа аль болох туслах, дэмжлэг үзүүлэхийн тулд ажиллаж байгаа шүү дээ. 

 

- MIT-д сурдаг хүүхдүүдийн бусад хүүхдүүдээс ялгарах онцлогийг та юу гэж боддог вэ? Таны оюутны хотхоноосоо танилцсан хүүхдүүдэд бусдаас ялгарах түгээмэл шинж чанар байсан уу?

АНУ-ын сургуулиудын бүх оюутнууд л мундаг байдаг байх л даа. Гэхдээ надад MIT-ийн оюутнууд харьцангуй хичээнгүй, цаг төлөвлөлт сайтай хүүхдүүд шиг санагдсан.

Миний хувьд хэдий хичээлээ хийгээд л байгаа ч хааяа хийх ёстой ажлаа хойш нь тавиад, сүүлийн хугацаа хүртэл нь тулгачихдаг байсан. Хичээлээс гадуур би ганц, хоёр сонирхол татсан клубийнхээ эхний уулзалтууд нь хамрагдаж үздэг, мөн тогтмол явдаг хэдэн клубтэй, хааяа найзуудтайгаа цагийг өнгөрүүлчихдэг байсан. Гэтэл манай өрөөний хамтрагч яг надтай адилхан хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хэрнээ хичээлээ бүгдийг нь цаг тухайд нь хийдэг байсан. Энэ мэтчилэн сургуулийнхаа хүүхдүүдийг хийх ёстой зүйлсээ бүгдийг зохицуулж чаддаг, мундаг цаг төлөвлөлттэй хүүхдүүд гэж боддог. 

Бас нэг юм нь манай кампуст study space (хичээлээ хийх газрууд) маш их байдаг. Тэр газруудад өдрийн аль ч цагт очсон байнга хүүхдүүд хичээлээ хийж байдгийг нь хараад эхэндээ гайхаж байсан.

                                                                                                               

                           

-Оюутны хотхоноосоо хамгийн дуртай газар, эсвэл байршлын онцлогийг танилцуулж болох уу?

Миний хувьд хамгийн дуртай газар гэвэл, манай сургуулийн “Banana Lounge” гэж газар. Тэр газар нь 26100 гэдэг лекцийн тэнхимийн өөдөөс харж байрладаг. 26100 танхимд ихэвчлэн 1-р курсийн оюутнуудын авдаг том, том лекцууд ордог бөгөөд би эхний жилдээ тэр танхимд маш их очсон. Хичээл дууссаны дараа хичээлээ хийх, юм идэх гэх мэт шалтгаанаар “Banana Lounge” руу орж суудаг байсан. Тэнд үнэгүй гадилуудыг хайрцаг, хайрцагаар нь тавьчихсан байдаг болохоор орж гадилаа аваад, хичээлээ хийгээд сууж болдог. Хэрвээ ядарчихсан байвал лонжны нөгөө талд нь гарч байгаад унтах ч боломжтой. Тэнд мөн оюутнууд их хичээлээ хийдэг байсан болохоор таньдаг хүмүүстэйгээ тааралдаад, хамт хичээлээ хийх гэх мэт цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан.

 

-MIT-д ажилладаг багш нар ямар хүмүүс байдаг вэ?

Багш нарын хувьд хувь хүнээсээ шалтгаалаад бүгд өөр, өөр байгаа. Гэхдээ ерөнхийд нь авч үзвэл манай багш нар цоглог, сурагчдадаа урам зориг өгч чаддаг, яриасаг хүмүүс байдаг. Тийм болохоор багштайгаа office hour (багш нар сурагчидтайгаа өрөөндөө ганцаарчлан уулзах боломжтой цаг)-ийнх нь үеэр очоод ярилцахад маш нээлттэй харилцаж, тусалж дэмждэг нь их таалагддаг. 

Brain and Cognitive Science хэлтсийнхээ талаар ярихад, уг хэлтсийн багш нар бүгд өөрсдийн гэсэн лабораторитой. Тэр лабораторидоо нервологи болон хиймэл оюун ухаантай холбоотой судалгаануудыг хийдэг. Тэр судалгаанд нь бакалаврын оюутнууд туслах боломжтой байдаг бөгөөд өөрөө профессоруудтайгаа холбогдоод лабораторид ажиллах хүсэлт гаргавал маш уриалагхан хүлээж авдаг. 

Тэгэхээр ерөнхийдөө манай сургуулийн багш нар ярилцахад хялбар мөн зарим нь хичээл зааж байх үедээ наргианууд хийж бид нарийг инээлгэдэг болохоор тэр нь их хөөрхөн, хөгжилтэй санагддаг. (инээх)

-MIT-д суралцахад таныг нүдийг нээсэн, тухайн зүйлийг харах өнцгийг тань бүрэн өөрчилсөн зүйл байсан уу? Тийм бол юу байсан бэ?
 

MIT-д суралцах нь миний харах өнцгийг өөрчилсөн гэхээс илүү, хувь хүнийг минь зарим зүйлсийг ухаарахад хүргэсэн. Наад захын жишээ авахад, хүүхдүүд гэртээ амьдарч байхад эцэг, эх нь тусалж, дэмждэг, ямар нэгэн асуудал гарахад гэр бүлийнхэн нь үргэлж тусалж дэмждэг учраас тухайн хүүхэд нээх санаа зовдоггүй. Харин энд ирсний дараа ямар нэгэн байдлаар асуудал гарлаа гэхэд яг өөрөө тэр асуудалтайгаа нүүр тулах шаардлага гардаг. Жишээлбэл, ямар нэгэн баримт бичгийг өөрөө явж хөөцөлдөх хэрэг гарлаа гэхэд чамд туслах хүн байхгүй байна. Тийм болохоор намайг маш их биеэ даахад сургасан. Мөн өмнө нь гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрахад аливаа зүйлийн талаар тэгж их эргэцүүлж бодохгүй мөн тэгж их санаа зовохгүй. Харин гадаадад суралцсанаар олон зүйлсийг бодож, эргэцүүлж эхэлдэг.

-Та яг одоо MIT-г өөрийн мөрөөдлийн сургуулиараа сонгоод өргөдөл дээрээ ажиллаж байгаа хүүхдүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

MIT-г мөрөөдлийн сургуулиараа сонгочихсон юм чинь мэдээж нэлээн судалгаа хийсэн байгаа байх. Гэхдээ түүн дээрээсээ нэмээд яг MIT-д сурдаг хүүхэдтэй ярилцаж үзэн, “Яг энэ сургууль надад тохирох нь уу?” гэж дахин бодолцож үзсэн нь надад зүгээр юм шиг санагдаж байна. Бусад сургууль дээр ч ерөнхийдөө тэгэх хэрэгтэй. Учир нь намайг өргөдлөө явуулж байх үед, хүүхдүүд ихэвчлэн сургуулийн хүрээлэл, тухайн сургуулийг бүрдүүлдэг хамт олныг гэхээсээ илүү бусад зүйлсийг нь илүү анхаарч хардаг байсан. Би ч гэсэн өөрөө тэгсэн. Гэхдээ миний хувьд хүрээлэл нь маш чухал санагдсан. Яагаад гэвэл чи тэр хүрээлэлд, багтаж чадахгүй, тэр хамт олонд тохирохоор хүн биш байх юм бол, юм сурахаас илүү сэтгэцийн эрүүл мэндэд чинь муугаар нөлөөлөх ч магадлалтай.

 

Яг өргөдөл дээр яривал, манай сургууль өөрсдийнхөө сайтаар л өргөдлөө хүлээж авдаг болохоор personal statement (хувь хүний эсээ) авдаггүй, маш олон бага хэмжээний эсээ авдаг. Хэдий бага хэмжээний ч гэсэн бусад сургуультай харьцуулахад олон эсээ авдаг болохоор тэднийгээ эртнээс бэлдэж эхлээрэй. Мөн эсээн дээрээ байдаг бүх л зовлонгоо тоочиж бичилгүйгээр, өөрөө өөртөө үнэнч байж, “Чи яг хэн бэ?” гэдгээ харуулбал зүгээр шүү. Бас хэтэрхий юманд санаа зовж, өөрийгөө орж чадахгүй гэж битгий бодоорой. Учир нь зөндөө олон чамтай адил монгол хүүхдүүд яг л чам шиг айж байгаад ороод ирчихсэн. Энэ бүхэн боломжтой болохоор өөртөө итгээд, өөртөө үнэнч байж өргөдлөө явуулаарай гэж хүсч байна. Баярлалаа. 

© 2021 by 

bottom of page