top of page
Harvard University 
А. Жавхлан
- Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай сайтын уншигчдад зориулаад өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Намайг Жавхлан гэдэг. Би 2018 оны Шилдэг сургуулийн төгсөгч мөн 2019 онд Томүжингийн GAP программыг төгссөн. Харвардын их сургуульд 2019 онд элсэн орж, жилийн хугацаанд суралцаж байгаад чөлөө авчихсан, одоо Монголдоо байгаа. Энэ жилийн намар буцаж очихдоо  2-р курсийн оюутан болоод очно. Нийгэм судлал болон сэтгэлзүй чиглэлээр суралцдаг.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
-Та анх яагаад Харвардад орохоор шийдэн өргөдлөө явуулж байсан бэ? Их сургуулиа сонгохоор судалж байгаа хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгвөл. 

 

Би хамгийн анх 2015 онд АНУ-ын их сургуулиуд руу өргөдөл явуулахаар шийдсэн. Тухайн үед хамгийн эхлээд англи хэлээ сурах хэрэгтэй байсан болохоор хэл сурах, шалгалтуудаа өгөх, өргөдлөө явуулахдаа бэлдэж эхлэхдээ л яг эрчимтэйгээр сургуулиа судалж байсан. Харвард руу өргөдлөө явуулсан шалтгаан гэвэл,  Харвард надад бусад том сургуулиудыг бодоход арай илүү дотно санагддаг байсан гэж хэлж болно. Мэдээж үнэхээр том сургууль, орно гэдэг бодол байгаагүй харин “Угаасаа өргөдлөө явуулж үзнэ” гэдэг сэтгэлтэйгээр явуулсан.  Сургууль сонгох тал дээр миний арга барил  гэвэл олон улсын оюутнуудад тэтгэлэг өгдөг сургуулиудыг олж явуулах байсан. Түүнээс өмнө өөрийн сонирхож буй чиглэл болох нийгэм судлал, сэтгэлзүй чиглэлээр сайн сургуулиудыг хараад тэдгээрээсээ тэтгэлэг хэр өгдөг, дээрээс нь надад энэ сургууль ямар мэдрэмж өгч байна гэдгийг нь харж байсан. Мэдээж google sheet (хүснэгт) нээгээд өргөдөл явуулсан сурагчдын хэдэн хувийг тэнцүүлдэг, багш сурагчдын харьцаа ямар байдаг вэ гэх мэтийг нь харж байсан. Гэхдээ яг сургуулиа сонгох болоод ирэхэд тухайн сургуульд суралцсан, суралцаж буй сурагчдын сургуулийнхаа талаар хэлсэн сэтгэгдлүүдийг их уншиж байсан. Түүнээсээ “Иймэрхүү сургууль юм байна даа” гэсэн ойлголттой болоод, түүнийгээ бодолцон сонголтоо хийж байсан юм байна. 

-Хамгийн анх сургуулийнхаа хаалгаар ороход танд ямар мэдрэмж төрж байсан бэ?Сургуульдаа элсэн ороод суралцаж байх хугацаанд таны хүлээлтэд нийцээгүй эсвэл хүлээлтээс давсан зүйлүүд байсан уу?

Би өмнө нь Америкт огт очиж үзэлгүйгээр шууд сургуульдаа орсон. Тэгэхээр мэдээж соёлын шок их байсан. Гэхдээ бас ганцаараа биш гэрийнхэнтэйгээ очсон болохоор арай гайгүй.

Хамгийн анх Бостонд гэрийнхэнтэйгээ ирээд uber-ээсээ буухад тэр хавь хоёр, гурван давхар жижиг жижиг барилгуудтай, хөөрхөн цэцгүүд ургачихсан яг Европын нэг хотод ирчихсэн юм шиг мэдрэмж авсан.  “Надад орчин нь үнэхээр таалагдах юм байна” гэж тэгэхэд бодогдож байсан. Яг сургуулийн 1-р курсийнхэн амьдардаг хэсэг рүү ороход нов ногоон, барилгууд нь үнэхээр гоё, маш их жуулчидтай, сурагчид ирээд эхэлчихсэн болохоор олон хүнтэй байсан. Тухайн үед бага зэрэг биеэ барьчихсан, айсан мэдрэмжтэй хамгийн анх сургууль руугаа орж байсан юм байна. 

Харин надад нарийн хүлээлт байгаагүй. “Ямартай ч мундаг сургууль байгаа даа” гэсэн ойлголттой очиж байсан. Мөн сургууль гэхээс илүү соёлынхоо хувьд надад илүү өөр санагдаж байсан. Би “Хүүхдүүд нь хоорондоо их сайн нийлдэг, янз бүрийн улсын хүүхдүүд олуулаа холбоо харилцаа үүсгэх боломж олдох байх” гэж бодож байсан боловч яг үнэндээ хүүхдүүд нь бүлэг, бүлгээрээ төстэй хүүхдүүдтэйгээ ихэвчлэннийлдэг. Жишээлбэл, Европын хүүхдүүд Европ хүүхдүүдтэйгээ маш сайн нийлдэг гэх ч юм уу. Анхнаасаа тийм зүйл харагдаад эхлэхэд нь бага зэрэг гайхаж байсан. Тэр тал дээр миний хүлээлтээс доогуур байсан гэж хэлж болно. Угаасаа Америкт өмнө нь очиж байгаагүй болохоор хүмүүс нь яаж том группээр нийлдэг болохыг сайн мэдэхгүй л байсан байх.

Нарийн зүйлс гэвэл би өрөөгөө илүү гоё байх болов уу гэж бодож байсан. Манай өрөө нэлээн жижигхэн. Тэр нь бага зэрэг хэцүү байсан ч бусад зүйлс нь мэдээж хэрэг таалагдсан. 

 

 

 

 

 

 

 

 

 

Харвардын хичээлийн хөтөлбөр  хэр ачаалалтай байдаг вэ, даалгавруудын хэмжээ гэх мэтийг сонирхуулбал? Танд суралцах эхний жилдээ гаргасан алдаанууд байсан уу? Тухайн үедээ тулгарсан асуудлуудаа хэрхэн шийдэж байсан бэ?

Ачааллын хувьд мэдээж тухайн мэргэжлээсээ хамаараад өөр, өөр. Түүнийгээ сурагчид ”Наад хичээл чинь ямаршуу байна” гэх мэтчилэн хоорондоо харилцан, биендээ мэдэгдээд явчихдаг.  

Харин ерөнхийд нь хараад үзвэл, шинжлэх ухаан технологийн хичээлүүд арай илүү хүнд гэж хэлж болно. Яагаад гэвэл байнга код бичээд суух гэх мэт олон, хүнд даалгавруудыг их өгдөг. Гэтэл нөгөө талд хүмүүнлэг, нийгэм судлалын хичээлүүд маш их эсээ бичүүлдэг байх жишээтэй. 

Миний хувьд тэгж их ачаалалтай, хэцүү байгаагүй. Мэдээж ачаалал тодорхой хэмжээнд байгаа ч огт өөр юманд анхаарлаа хандуулж чадахааргүй хэмжээний бол биш. Сурагчид хичээл сонголтоороо бас өөрсдийнхөө ачааллыг тааруулдаг. Жишээ нь, дөрвөн маш хүнд хичээл авчих юм бол, өөр ямар ч зүйл хийж чадахааргүй ачаалалтай болчихно. Тэгэхээр магадгүй нэг мэргэжлийн хүнд хичээл, нэг General Education буюу мэргэшсэн бус сурагч болгон авах ёстой ерөнхий хичээлгэх мэт байдлаар хувааж авбал ачаалал багасна. 

Суралцах жилдээ гаргасан алдааны хувьд, би үүнийг алдаа гэж бодохгүй байна л даа. Гэхдээ анх очихдоо айчихсан буюу санаа зовнисон сэтгэлгээтэй оччихсон. Тийм байдалтайгаар хичээлдээ орчихоор бүх зүйл дээр биеэ бариастай, богино хугацаанд дасч өгөхгүй эсвэл өндөр хүлээлт өөр дээрээ тавих гэх мэт хандлагатай байсан. Тэгэхээр мэдээж соёлоос эхлээд бүх зүйл нь шинэ байсан болохоор дасах гэж удсан. Үүнийг засах арга нь хүлээлтээ багасгах байсан болов уу. Би яг 2-р семестертээ юунд ч “Хүлээлт тавихгүй, чадахаа л хийе” гэсэн бодолтой орсон учраас бүх зүйл цаанаасаа тайван, хичээлдээ анхаарал хандуулах чадвар нь ч гэсэн дээр байсан. Тэгэхээр ямар сэтгэлгээтэй очих нь бас их чухал байх гэж бодож байна. 

- Харвардад ажилладаг багш нар ямар хүмүүс байдаг вэ? 

Миний бодлоор Харвардын онцгойрдог зүйл нь багш нар. Учир нь профессоруудынхаа талаар хаа нэг газраас зүв зүгээр явж байгаад нийтлэл олж унших тохиолдол их байдаг. Жишээлбэл, Даниел Гилберт гэх манай сэтгэлзүйн профессор маш алдартай. Тэрээр бестселлер ном бичиж байсан, сэтгэлзүйн урдаа барьдаг профессоруудын нэг. Тэр багшийн лекцүүдэд суугаад би үнэхээр гайхширч байсан. Лекцүүд нь Ted   Talk шиг л сайн бүтэцтэй, сурагчдын анхаарлыг татах чадвар маш сайн байсан.  Манай семинарын багш мөн бас сэтгэлзүйн доктор, сэтгэл зүйч хүн байсан. Тэр багш маань ч бас энд тэнд нийтлэл өгөөд явж байдаг, их алдартай. Дээрээс нь өөрийнх нь чадвар ч гэсэн үнэхээр сайн. Хичээл зааж байгаа нь, хүнтэй харилцаж, хүнийг ойлгож байгаа нь гэх мэт, сэтгэлзүйн доктор хүнийхээ хувьд тэр тал дээр чадварлаг. 

Ер нь бүх хичээлийн багш нар ямар нэгэн байдлаар тухайн салбартаа нэр хүндтэй болчихсон хүмүүс байдаг. Заах чадварын хувьд, мэдээж зарим багш нарын лекц маш сайн бүтэцтэй байдаг ч ганцаарчилж сурагчиддаа сайн хүрч чаддаггүй гэх мэт зүйлс байгаа. Гэхдээ ихэнх салбар нь үнэхээр мундаг профессоруудтай. 

 

- Харвардад сурдаг хүүхдүүдийн бусад хүүхдүүдээс ялгарах онцлогийг та юу гэж боддог вэ? Зөвхөн Харвардаас л олж болох оюутнууд гэж байдаг уу?

Мэдээж “Ivy League” гээд харахаар бүгдээрээ топ үзүүлэлттэй, их сайн сургуулиуд байдаг. Гэхдээ миний хувьд тэр сургуулиуд хүнтэй зүйрлэвэл, хоорондоо өөр зан чанартай хүмүүс шиг санагддаг. Жишээлбэл, Принстон надад илүү шинжлэх ухаан, технологи тал руугаа санагдаж, арай өөр мэдрэмжийг өгдөг гэх мэт. Харин Харвардын хувьд ихэнх оюутнууд эдийн засаг, улс төр гэх мэт чиглэлээр сурдаг. Тэгэхээр арай илүү нийгэм судлал тал руугаа. Мөн Харвардын нэр олон улсад их алдартай учир элсүүлэн авч байгаа хүүхдүүд нь ч дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, олон улсын хүүхдүүд байдаг. Харвардын оюутнуудыг би “resilient” буюу өөрт тулгарсан асуудлыг зөвөөр харж, өөртөө боломж үүсгэн, даван гарч чаддаг хүүхдүүд гэж хардаг. Мэдээж сургууль болгонд л тийм хүүхдүүд байдаг байх. Гэхдээ Харвардын оюутнуудыг ерөнхийд нь харахад нийгэмдээ өөрчлөлт авчрах хүсэлтэй мөн удирдан манлайлагч хүмүүс байдаг юм шиг санагдсан.

- Дотуур байранд байсан бол дотуур байр болон хоолны талаар бидэнд сонирхуулаач.

1-р курсийнхэн “Harvard Yard” буюу дөрвөлжин хашаа бүхий талбайд, дотуур байрнууддаа хуваагдан амьдардаг. Миний хувьд арай сүүлд баригдсан “Canaday” гэх хамгийн царай муутай дотуур байранд нь орж байсан. (инээх) Нэг орцонд хамт амьдардаг хүүхдүүд нь “entryway” гээд нэг бүлэг хүүхдүүд болчихдог. Мөн тухайн entryway-г хариуцсан тус тусын багш нартай. Өрөөндөө тавуулаа, нэг давхардаа арвуулаа амьдардаг байсан. Манай өрөө  4 унтлагын өрөөтэй хэрнээ 5 хүүхэдтэй байсан болохоор нэг хүүхэд нь заавал дундын өрөөнд амьдрах, эсвэл нэг өрөөндөө хоёулаа шахцалдаж амьдрах гэх мэт зүйлс гардаг байсан. Зарим барилга нь мөн жаахан хуучирсан, харх хулганатай. 

Нэг курсэд 1,600 орчим хүүхэд сурдаг, ба зөвхөн нэгдүгээр курсынхэн хооллодог тусдаа барилга бий. 1,600-лаа өглөө, өдөр, орой бүгд тэнд ороодхамтдаа тодорхой цагийн дотор хооллоод гардаг. Маш урт, урт ширээнүүд эгнүүлчихсэн байдаг. Хоолны сонголт бол надад их таалагдсан. Долоо хоног болгон хоолны сонголт нь солигддог, өргөн сонголттой,  Солонгос хоол гэх мэт олон төрлийн хоол идэх боломжтой нь гоё. Гэсэн ч тухайн хүүхдээсээ шалтгаалаад хоол нь таалагдахгүй хүүхдүүд ч гэсэн байсан. Ер нь бол амьдрах орчин, чанарын хувьд надад их таалагдсан. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Оюутны хотхоноосоо хамгийн дуртай газар, эсвэл өөрийн хийх дуртай байсан зүйлийг танилцуулаач?

“Yard”-аасаа гарахад “Smith Center” гээд 10 давхар шилэн барилга байдаг. Түүний эхний хоёр давхар нь чөлөөт орон зай буюу бараг л номын сан гэсэн үг. Шилэн барилга учраас өглөө нарны гэрэл их орж ирдэг. Би өглөө gym-д явж, өглөөний цайгаа уучхаад  тийшээу орж хичээлээ хийж суух дуртай байсан. Тэнд өглөө тийм ч их хүн байдаггүй болохоор заавал хийж дуусгах хичээлүүд дээрээ анхаарлаа бүрэн хандуулж чаддаг.

Хийх дуртай хобби, спорт гэвэл би 1-р курсээсээ эхэлж сургуулийнхаа gym-д явсан. Түүндээ их дуртай болоод хэдий Монголдоо буцаж ирсэн ч gym-д явж, дасгалаа хийсээр байгаа.  Мөн би өөрөө эрүүл хоол сонгоод идэх боломжтой байдаг болохоор эрүүл амьдралын хэв маяг бүтээхэд таатай байсан.

Дээрээс нь номын сан нь ч гэсэн олон төрөл байдаг. Жишээлбэл, “Lamont Library” гээд номын санд хүүхдүүд шалгалт өгөх дөхөхөөрөө очиж суудаг гэх мэт. Хамгийн гол номын сан ( Widener Memorial Library) нь харин маш том. Газар доошоо 4,5 давхар, мөн дээшээ 4,5 давхар. Тэнд суух нь бас үнэхээр гоё.  Энэ мэтчилэн сурах орчинг маш сайн, чанартай бүрдүүлж өгч байгаа нь надад их таалагдсан. 

Дотуур байруудын  хажууханд “Charles River” гэх голтой. Түүгээр нь маш олон хүмүүс зугаалга хийж, гүйж, алхдаг. Мөн тэндээс нар жаргахыг харах нь их үзэсгэлэнтэй байдаг. 

 

-Уг сургуульд сурах хугацаандаа хийсэн хамгийн сонирхолтой хичээлээс гадуурх үйл ажиллагаа тань юу вэ?

Би “Women in Business Club” гэх клубд эхний семестртээ байсан. Уг клубд бизнес болон технологийн салбарын эмэгтэйчүүд ирж бидэнд яриа өгөх, workshop хийх гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Мөн ихэнх клубүүдэд орохын тулд тодорхой шалгууруудыг давах ёстой байдаг. “Crimson” сонинд сургуулийн эргэн тойронд болж буй зүйлс, тулгарч буй асуудлууд дээр өөрсдийн үзэл бодлыг илэрхийлдэг “Editorial Board”  гэж байсан бөгөөд уг үйл ажиллагаанд оролцох нь бас нэг сонирхолтой туршлага болж өгсөн. Мөн уг клубд 2 семестрт байхдаа өөрийн гэсэн булантай байсан бөгөөд түүн дээрээ өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хэрхэн удирдах, боловсруулах талаар бичсэн. Тэр хэсэг нь надад хамгийн их таалагдсан бөгөөд намайг сорьсон зүйл байж чадсан. Баярлалаа. 

-Харвардын хаус хуваалт нь яг ямархуу зарчмаар явагддаг юм бол оо? Тэр талаар бидэнд сонирхуулбал?
 

Тэр бас их сонирхолтой. Харвардын маш том онцлог чанаруудын нэг. 1-р курсийн оюутнууд дотуур байрандаа байрлаж байгаад, тухайн жилийнхээ гуравдугаар сард “Housing day”-д оролцдог. Тэр үеэр сурагчид найзуудаараа  2-8 хүүхэдтэй бүлэг байгуулаад, тухайн бүлгээрээ 9 хаусуудад өргөдлөө явуулдаг. Илгээсэн өргөдлөөр нь тухайн хаусуудад  өөр ямар нэгэн зүйл харгалзалгүйгээр хуваарилдаг.  

Хаус болгон нь өөр зан чанартай. Жишээлбэл, миний орсон “Adams” хаус сургуультай хамгийн ойрхон хаус байсан бөгөөд дотуур байр нь туннельтэй. Тэр газар доорх подволд өмнө сурч байсан сурагчид хана дүүрэн маш гоё зүйлс зурчихсан байдаг. Би одоохондоо хаусын амьдралыг хараахан мэдэрч чадаагүй байгаа болохоор илүү дэлгэрэнгүй зүйлсийг хэлж чадахгүй байх. Гэхдээ хаус болгон нь өөрсдийн гэсэн хүрээллийг үүсгээд, тухайн хүрээлэлтэйгээ дараагийн 3 жилдээ хамт амьдардаг. 

-Та яг одоо Harvard-г өөрийн мөрөөдлийн сургуулиараа сонгоод өргөдөл дээрээ ажиллаж байгаа хүүхдүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Ихэнх шилдэг сургуулиуд бүгд хоорондоо ойролцоо боловсрол олгодог учир зөвхөн үзүүлэлтийг нь хараад хэрэггүй. Мэдээж өөрсдийн гэсэн соёл, уламжлал, зарим нэг зүйлсээрээ ялгардаг ч, бүгд л оюутнууддаа сурч, хөгжих боломжийг хангалттай олгож чаддаг. Тэгэхээр заавал Харвард эсвэл Ivy League-ийн сургуулиудад орохгүй л бол сайн боловсрол авч чадахгүй юм шиг бодож болохгүй шүү. Тиймээс сургуулиудаа судлахдаа тэтгэлэг олгох эсэхийг нь харахаас гадна судалгаагаа илүү өргөн хийж, өөрийнхөө чиглэлээр сайн сургуулиуд юу байна гэдгийг бас харж үзээрэй. 

Мэдээж сургууль судлахаас гадна, эсээн дээрээ ажиллах, шалгалтууддаа бэлдэх гэх мэт зүйлс явагдана. Гэхдээ өргөдлөө явуулсныхаа дараа зөвхөн тэнцэх эсэхээс чинь хамаарч амьдрал чинь шийдэгдэх юм шиг битгий бодоорой. Магадгүй одоо дунд сургууль болон 9,10-р ангид байгаа хүүхдүүд “Би тэр сургуульд орно” гэдэг өнцгөөс биш “Би өөрийгөө хөгжүүлнэ”, “Би өөрийгөө нээж, олно” гэдэг талаас нь хараасай гэж хүсч байна. Өргөдлөө бэлдэх хугацаандаа өөрийгөө хөгжүүлнэ гэдэг зорилго тавьж өөрийнхөө төлөө юмсыг хийсэн хүн арай өөрөөр доторх хүнээ илэрхийлж чадах байх. Хэрвээ тэгж чадвал чиний өргөдөл явуулах үйл явц ч их хөгжилтэй, урам зоригтой байх болно оо. Баярлалаа. 

© 2021 by 

bottom of page