сургуулиуд
Yale University School of Management
А. Энхтүвшин
- Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай сайтын уншигчдад зориулаад өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Урьсанд баярлалаа. Миний хувьд 2010 онд 16 настайдаа арван жилээ төгсөөд АНУ-ын Arkansas мужийн их сургуульд бүрэн тэтгэлэгтэйгээр, эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан. 2014 онд сургуулиа төгсч Монголдоо ирээд Монгол Улсын Төв Банкинд эдийн засагч, алт, валютын дилерээр ажилласан. Төв банкинд ажилласнаар макро эдийн засгийг нэлээдгүй сайн ойлгож, цаашлаад мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор олон улсын бизнесийн сургуулиудыг судлан, түүнд ороход шаардагддаг GMAT шалгалт, эсээ, судалгаануудаа бэлдэж, 2018 онд бизнесийн сургуульд элсэн орсон. Тухайн үед миний хамрагдсан мастерийн хөтөлбөр нь хос мэргэжлээр, хоёр өөр сургуульд сурах боломжтой “Dual Degree” байсан учир HEC Paris хэмээх бизнес, менежментийн сургуульд Masters and Business Administration мэргэжлээр нэг жил, Yale-ийн менежментийн сургуульд Masters and Advanced Management мэргэжлээр нэг жилийн хугацаанд тус тус суралцсан. Магистрт сурч байхад зуны дадлага маш чухал байдаг учир зуны дадлагаараа Парис дахь Юнескогийн төв оффист ажилласан. 2020 оны тавдугаар сард Yale-ийн менежментийн сургуулийг төгсөн, уг сургуульдаа судалгааны ажил хийж байгаад саяхан эх орондоо ирсэн.
- “Dual Degree” хөтөлбөр их сонирхолтой санагдлаа. Өргөдөл явуулах үйл явц нь хэрхэн явагддаг вэ?
Хэдийгээр нэг хөтөлбөр ч, өргөдлөө хоёр сургууль нь тус тусдаа хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл би HEC Paris руу тухайн сургуулийн шаардлагаар, Yale руу мөн тухайн сургуулийн шаардлагаар тус тусад нь өргөдлөө бэлдэн явуулаад, хоёуланд нь зэрэг тэнцэж байж “Dual Degree” хөтөлбөртөө хамрагдсан.
-Их сургуулиа сонгохоор судалж байгаа хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгвөл.
Намайг байхад бага байхад дэлхийн томоохон их сургуулиудын талаар мэдээлэл хомс байсан бөгөөд тухайн үед шилдэ шилдэг, их дээд сургууль гэхээр Harvard, Oxford, Yale-ийг их ярьдаг байсан. Тийм ч болохоор тухайн үед сэтгэлийнхээ гүнд “Энэ сургуулиудад л сурах юм сан” гэсэн зорилго тээж явсан. Харин бакалавраа хамгаалснаас 9 жилийн дараа тэр зорилгодоо хүрэх боломж бүрдэж, Yale-ийн их сургуульд элсэн орсон. Мэдээж хөтөлбөрийн хувьд бакалавр, магистрын зэрэг хоорондоо өөр байна. Бакалаврын хувьд дөнгөж ахлах сургуулиа төгсөөд орж байгаа болохоор их өрсөлдөөнтэй, бусдаасаа ялгарах боломж хэцүү байдаг. Бакалаврт элсэхэд эсээ, шалгалтуудын оноо, хичээлээс гадуурх нийгмийн үйл ажиллагаа нөлөөлдөг бол магистрын хувьд үүн дээр ажлын туршлага гэх мэт зүйлс нэмэгдээд ирэхээр арай өөр болж ирдэг. Сургуулиудын элсэлтийн төвшин буурсаар байгаатай холбоотойгоор суралцах нь жилээс жилд улам л өрсөлдөөнтэй болж байгаа.
- Yale-ийн оюутны хотхоны орчин, байршлын онцлогийг танилцуулаач.
Yale-ийн их сургууль нь Connecticut мужийн New Haven хотод байдаг. Уг хот нь хэмжээний хувьд дундаж, миний мэдэхийн 130,000 гаруй хүн амтай хот байдаг. Хотынх нь гол эдийн засаг, нийгмийг бүрдүүлдэг зүйл нь Yale-ийн их сургууль. Ойр хавийн жижиг дэлгүүр, бизнес, хоолны газрууд гэх мэтчилэн бүх зүйл нь Yale-ийн их сургууль, оюутнуудыг түшиглэсэн байдаг.
Yale-ийн их сургууль хоёр кампустай. Хотын нэг талд нь сургуулийн хуучин кампус, нөгөө талд нь сургуулийн шинэ кампус байрладаг. Кампус нь нэг хашаан дотор гэхээсээ илүүтэй хотоороо тархчихсан байдаг. Хуучин кампус нь 1700, 1800-аад оны үеийн хуучны барилгуудаас бүрддэг бол миний сурсан менежментийн их сургууль байрладаг шинэ кампусын хувьд 2000-аад оноос хойш баригдсан, бүгд орчин үеийн, шилэн,, технологийн хувьд өндөр дэвшилттэй барилгууд байдаг. Яг л шинэ, хуучин хоёр ертөнц зэрэгцэн оршиж байгаа юм шиг.
- Хамгийн анх сургуулийнхаа хаалгаар ороход танд ямар мэдрэмж төрж байсан бэ? Суралцах эхний семестрт ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байсан бэ?
“Бакалаврын зэргийн оюутнууд дөрвөн жилийн хугацаанд сурдаг бол , магистрт сурж байгаа миний хувьд 1-2 жил л байна. Тийм учраас энд байх цаг хугацаагаа хэрхэн үр ашигтай өнгөрөөх вэ?” гэдэг бодол анх сургуулийнхаа хаалгаар ороход төрж байсан.
Суралцах хугацаанд хамгийн хүндрэлтэй байдаг зүйл бол үр өгөөжтэй цаг төлөвлөлт. Хичээлүүд, багийн ажлаас гадна төрөл бүрийн мэргэжлийн болон сонирхлын клубүүдэд хамрагдах, өөр хөтөлбөрийн хүмүүс, багш нартайгаа танилцах, олон төрлийн үйл ажиллагаанд оролцох, төгсчхөөд хийх ажлаа хайх, үүний тулд олон хүмүүстэй утсаар ярих, уулзах зөвлөгөө авах, “Career Service” буюу мэргэжлийн зөвлөгөө өгдөг багтайгаа тогтмол ажиллах гэх мэт 24 цагт багтахааргүй хийх ёстой зүйлс маш их байдаг. Иймд цагийн менежментээ зөв хийж, хэвших, чухал ажлуудаар нь эрэмбэлэн гаргаад, зайлшгүй орхих шаардлагатай зүйлсийг орхих шаардлага гардаг. Тийм болохоор цаг төлөвлөлт, хийх ажлуудаа үнэ цэнээр нь ангилах чадварт эртнээс суралцах хэрэгтэй.
- Францад суралцах болон Америкт суралцахын хамгийн том ялгаа нь юу байсан бэ?
HEC Paris нь Парисын төвөөс метрогоор явахад 40 минутын зайтай байдаг учраас миний хувьд Парисын төвд амьдран, сургууль руугаа явахдаа метронд суудаг байсан.
Франц, Америк гэх улсууд нь хоорондоо нэг талаараа ижил төстэй зүйлc ихтэй ч нөгөө талаараа хоёр өөр соёл, иргэншилтэй. Америкчуудын хувьд аливаа зүйлд илүү нухацтай ханддаг бол Францчуудын хувьд аливаа зүйлд илүү тайван, хүлээцтэй ханддаг. Жишээлбэл, Францад Баасан гаригт хичээл ордоггүй. Тийм болохоор ажлын дөрвөн өдөртөө хичээлээ үзээд, үлдсэн гурван хоногтоо даалгавруудаа хийж дуусган, амрах боломжтой байдаг. Мэдээж Парисд амралтын өдрүүдээр үзэж харах, хийх зүйл ихтэй. Мөн Францад хичээлийн завсарлагаанаар коридорт бяслаг идээд, дарс ууж байгаад буцаад хичээлдээ орох нь хэвийн үзэгдэл. Америкийн хувьд тийм зүйл нэг их үзэгдэхгүй, ажлын өдөр амралтын өдөр ялгалгүй тогтмол цагтай уралдан байж ажлаа амжуулдаг. Энэ мэт соёлын хувьд ялгаатай зүйлс бий. Харин сургалтын хувьд ялгаа нэг их байхгүй. Бизнес болон менежментийн сургуулиуд, тэр тусмаа дэлхийн шилдэг, сайн сургуулиудын хувьд нэг стандарттай байдаг учраас багш нарын арга барил гэх мэт нь сургалт талаасаа ерөнхийдөө төстэй.
- Магистрын хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн талаар сонирхуулбал?
Бакалаврт бол ахлах сургуулиа дөнгөж төгссөн хүүхэд шууд төлбөрөө төлнө гэдэг хэцүү, тэтгэлэг, зээл эсвэл эцэг эхийнхээ тусламж авах авах нь түгээмэл байдаг. Харин магистрт суралцаж буй хүмүүс тодорхой хугацаанд ажиллаж байгаад сурдаг учир хувийн санхүүгийн бэлтгэлээ хангахад харьцангуй цаг илүү байдаг.
Мэдээж маш олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг. Миний хувьд HEC Paris болон Yale-ийн их сургуульд аль алинд нь сургуулийнхаа дотоод тэтгэлгээр суралцсан. HEC-ийн хувьд төгсөгчдийн сан буюу тухайн сургуульд суралцаад төгссөн хүмүүсийн хандиваас бүтсэн хуримтлал байдаг. Тэр хуримтлал нь дараа дараагийн элсэгчдэд зарцуулагддаг гэсэн үг. Yale-ийн хувьд “endowment fund” буюу олон жилийн турш хуримтлуулсан 30 орчим тэрбум доллар бүхий хөрөнгийн сантай. Би уг хөрөнгийн сангаас нь тэтгэлэг аван суралцаж байсан. Харин тэтгэлгийн шалгуурын хувьд бүгд өөрсдийн гэсэн шалгууруудыг тавьдаг. Мэдээж тухайн элсэн орох ангидаа өөрийн туршлагаа хуваалцаж, хувь нэмрээ оруулах хэмжээний өргөн мэдлэг, туршлагатай хүнд тэтгэлэг олгох магадлал өндөр. Мөн тэтгэлгийн хэмжээ тухайн хөтөлбөрийн төрлөөсөө шалтгаалан өөр, өөр байдаг. Миний хувьд Yale-ийн их сургуульд суралцахдаа хамрагдсан Masters and Advanced Management зэрэг нь 4 дэх жилдээ хэрэгжиж буй харьцангуй шинэ хөтөлбөр байсан. Тэгэхээр шинэ хөтөлбөртөө олон оюутныг татах, сайн оюутан элсүүлэх сонирхолтой байсан учраас бусад хөтөлбөрүүдтэй харьцуулахад олгож буй тэтгэлгийн хэмжээ нь өндөр байсан. Сургуульдаа элсэн орохдоо зээл авсан хүмүүс ажилд орсныхоо дараа төлбөрөө төлөх гэх мэт тохиолдлууд хамгийн түгээмэл байдаг. Мөн зөвхөн сургуулийн дотоод тэтгэлэг гэлтгүй, гуравдагч байгууллагын тэтгэлэгүүд гэж байдаг. Харин түүнийг эрэлхийлэн, олж авах нь нарийн судалгаа, зүтгэл, цаг хугацаа шаарддаг.
-Дотуур байранд амьдарсан бол сургуулийнхаа дотуур байр, хоолных нь талаар сонирхуулаач.
Yale-ийн их сургуулийн хувьд бакалаврын зэрэгт суралцахаар ирж буй оюутнууд эхний 2 жилдээ заавал дотуур байранд байрладаг учир магистрын оюутнуудад дотуур байрны хүрэлцээ бага байдаг. Мэдээж насны хувьд ч илүү ахмад, гэр бүлээрээ ирсэн хүмүүс их байдаг учир тухайн хотдоо байр түрээслэн амьдрах нь хамгийн түгээмэл. Би Arkansas-ийн их сургуульд бакалавраа хамгаалах хугацаандаа дотуур байранд 4 жил амьдарсан учир уг туршлагынхаа талаар ярья. Дийлэнх сургуулиуд кампустаа хэд хэдэн хоолны танхимтай байдаг. Гадуур хооллох, гэртээ хоол хийж идэх боломж байдаг ч миний хувьд хоол хийхдээ тааруухан байсан болохоор дөрвөн жил сургуулийнхаа хоолыг идсэн. (инээх)
Дотуур байрын хувьд мэдээж янз, янзын байрнууд байдаг. Би гурван давхар байрны нэг давхарт нь амьдарсан. Өрөө лүүгээ ороход буйдан зурагт тавьсан зочны өрөөтэй, нийт 4 унтлаганы өрөөтэй, хоёр хүн дундаа нэг угаалгын өрөөтэй байсан. Унтлаганы өрөө нь нэг ор, ширээ болон шүүгээтэй жижиг өрөө.
Yale-ийн их сургуульд хэрвээ чи найзтайгаа хамт сурах гэж байгаа бол хүсэлт гаргаад нэг өрөөнд хамт орохыг зөвшөөрдөг, харин ч бүр дэмждэг гэж сонсож байсан.
- Та New Haven хотод суралцах хугацаандаа байр түрээслэн амьдарсан гэж хэллээ. Уг хот уур амьсгал, үнэ өртгийнхөө хувьд ямархуу газар вэ?
Жил болгон л Yale-ийн шинэ оюутнууд ирж байр түрээсэлдэг, тогтмол эрэлт хэрэгцээ өндөр байдаг учир орон сууц, хүнсний үнэ надад бага зэрэг үнэтэй санагдсан. Байр нь зах зээлийнхээ үнээс хамаараад бүгд өөр үнэтэй байдаг учир санхүүгийн төлөвлөгөө сайн гаргаад, өөрт тохирсон байраа сонгоход асуудалгүй, сонголтууд өргөн байдаг.
New Haven хот уур амьсгалын тухайд нийгмийн аль ч давхаргын хүмүүс ажиллаж, амьдардаг газар. Хотын хувьд үзэж харах зүйлс тийм ч их байдаггүй. Харин давуу талын тухайд уг хот New York хотоос 1 цаг 10 минут, Бостон хотоос 2 цаг орчмын зайд байрладаг учир хүссэн үедээ уг хоёр хотод зочлох боломжтой. Мөн далайн эрэгт байрладаг учраас устай их ойрхон. Цаг агаарын хувьд Монголтой төстэй. Зун нь их халуун, бүгчим, өвөлдөө цас орж, хүйтэрдэг.
-Yale-д магистраа хамгаалах хугацаанд таныг нүдийг нээсэн эсвэл тухайн зүйлийг харах өнцгийг тань бүрэн өөрчилсөн зүйл байсан уу? Тийм бол юу байсан бэ?
Бакалаврын хувьд хичээлүүддээ таслахгүй суун, даалгавруудаа цаг тухай бүрт нь алгасахгүй хийдэг байсан. Гэхдээ магистрт суралцаж байх хугацаандаа “Дан тийм зорилгоор суралцах нь хангалтгүй байсан юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Магистраар сурч байхдаа хичээлээс гадна хүмүүстэй танилцахыг их хичээж байсан. Менежментийн сургуульд надаас өөр мэргэжлээр сурч буй, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудтай найзууд болохыг маш их хичээж, “Өнөөдөр би хичээлээ 4 цаг хийнэ” гэдэг шиг “Өнөөдөр би дөрвөн хүнтэй уулзаж, тэр хэмжээний цаг зарцуулна” гэсэн төлөвлөгөө тогтмол гаргадаг байсан. “Багш нар болон өмнөх төгсөгчидтэй биеэрээ биш гэхэд утсаар ярин холбогдож, танилын хүрээгээ тэлэх нь бас их чухал үнэ цэнтэй зүйл юм байна” гэдгийг ойлгосон.
-Yale-д магистраа хамгаалах хугацаанд таныг нүдийг нээсэн эсвэл тухайн зүйлийг харах өнцгийг тань бүрэн өөрчилсөн зүйл байсан уу? Тийм бол юу байсан бэ?
Ихэнх хүмүүс том, сайн сургуульд сурна гэдгийг их алс, холын зүйл юм шиг боддог. Гэхдээ миний хувьд хамгийн тууштай, тэвчээртэй тэмцэж чадсан нь л өөрийн тавьсан зорилгодоо хүрэх байх. Тэгэхээр мэдээж АНУ, гадаадад суралцана гэдэг нь өмнөх шөнө нь даалгавраа хийж байгаа мэт өргөдөл явуулахаас сарын өмнө бэлдээд болчихдог зүйл биш. Тийм учраас дор хаяж 1-2 жил төлөвлөх хэрэгтэй. Түүнээс ч урт хугацаанд төлөвлөдөг хүмүүс бас байдаг. Тэгэхээр өөрийнхөө зорилгыг том зургаар нь харж, өдөр бүр тухайн зорилгодоо хүрэхэд нөлөөлөх жижиг алхмуудыг зогсолтгүй, тууштай аваарай. Мэдээж тэр хугацаанд шантрах, залхуурах зүйлс байх болно. Гэхдээ тэр бүгдэд бууж өгөлгүй, өөрийнхөө төлөө хичээгээрэй! Хамгийн гол нь тууштай, тэвчээртэй байдал гэдгийг мартаж болохгүй шүү! Баярлалаа.