сургуулиуд
Harvard University
Сургуулийн тухай товч тайлбар
Харвард их сургууль нь 1636 онд байгуулагдсан бөгөөд АНУ-ын анхны их сургуулиудын нэгт тооцогдох төдийгүй дэлхийд өндрөөр үнэлэгддэг, тэргүүлэх их сургуулиудын эгнээнд зүй ёсоор багтдаг. АНУ-ын Иргэний дайны өмнөх коллежуудын нэгэн адил анх Харвард нь санваартнуудыг бэлтгэх зорилготойгоор байгуулагдсан боловч Харвардын сургалтын хөтөлбөр, оюутнууд нь цаг хугацаа өнгөрөх тусам шашны системээс бүрэн гарч, илүү олон улс орноос, олон тоогоор өргөдөл хүлээн авч эхэлсэн.
Мөн түүнчлэн Харвардын их сургуулиас АНУ-ын найман ерөнхийлөгч, хэд хэдэн мужийн дарга, 62 гаруй тэрбумтан, 359 Родсын эрдэмтэн (Rhodes Scholars), 242 Маршаллын эрдэмтэд (Marshall Scholars) төрөн гарсан байдаг.
Харвард нь Харвард Коллеж (Harvard College), Радклиффийн ахисан төвшний судалгааны хүрээлэн (Harvard Radcliffe Institute) болон 12 төрлийн мэргэжлийн сургуулиас бүрддэг.
Сургуулиуд:
Сургуулийн оюутнууд
Харвардын их сургууль 2021 оны элсэлтээр нийт 40,000 гаруй өргөдөл хүлээж авснаас 2056 өргөдлийг тэнцүүлэн авчээ. 2020 оны 10-р сарын 15-нд гаргасан тооцооллоор нийт 22,273 оюутан Харвардын их сургуульд суралцаж байна. Үүнээс Харвард коллежид суралцаж буй хүүхдүүд 5,212 байна. Уг 5,212 оюутнуудын арьс өнгө, үндэс угсааг доорх графикт харуулав.
Нийт бакалаврын зэрэгт суралцаж буй 5, 212 сурагчдаас:
Харвардын оюутнуудын нийтлэг чанар нь суралцах ур чадвараа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, оюутнууд нь урам зоригоор дүүрэн, ухаалаг байдаг гэх бөгөөд зөвхөн хичээл гэлтгүй бусад нийгмийн бүх үйл ажиллагаанд нээлттэй ханддаг, үргэлж сурах хүсэл эрмэлзэлтэй байдаг “оюуны сониуч” орчинтой гэдгээрээ алдартай.
Оюутнууд нь ихэвчлэн эрдэм шинжилгээний ажлуудад сайн дураараа оролцож, сонирхлоо судалж, шинэ хүмүүстэй танилцаж, хүрээнд судалгаа хийх нь элбэг. Энэ мэт байдлаар их сургууль нь сурагчдадаа маш их дэмжлэг үзүүлдэг, сурах орчинг нь бүрдүүлж, өөрсдийн сонгосон чиглэлээр ирээдүйн замналаа тодорхойлох гайхалтай боломжийг олгодог байна.
Харвардын элсэлтийн төвшин бага төдийгүй маш сайн нэр хүндийг олж авснаас гадна оюутнууд нь ч өрсөлдөх дуртай, өндөр гүйцэтгэлтэй хүмүүсээр дүүрэн байдаг. Тэд мэтгэлцээнд оролцох, баг удирдах, үйл ажиллагаа зохион байгуулах, түүнчлэн робот бүтээх, өөрсдийнхөө гараар бүтээл хийх зэрэг бүхий л хийж байгаа, суралцаж байгаа зүйлсдээ өрсөлдөх чадварыг сайжруулан бий болгох дуртай.
Гэсэн хэдий ч дан ганц өрсөлдөөн гэхээс илүүтэйгээр багаар хамтран ажиллах чадамж, удирдан манлайлах ур чадвар гэх мэт олон чадварыг харгалзан үзэж сургуулийн зүгээс оюутнууддаа сорилт, дэмжлэг аль алиныг нь хослуулан олон арга хэмжээг зохион байгуулдаг.
Оюутны хотхон
Массачусетс мужийн Кембридж хотод байрладаг, Бостоноос баруун хойд зүгт гурван милийн зайд орших Харвардын 20.5 км2 кампус нь Радклиффийн гүнзгийрүүлсэн судалгааны институт, хоёр театр, таван музейгээс гадна 12 зэрэг олгох сургуультай. Түүнчлэн 20.4 сая боть, 180,000 цуврал нэр, 400 орчим сая гар бичмэл, 10 сая гэрэл зураг, 124 сая архивлагдсан веб хуудас, 5.4 терабайт дижитал архив бүхий дэлхийн хамгийн том академийн номын сантай.
Магистр, докторын оюутнуудад зориулсан тус тусдаа сургуультай. Бакалаврын оюутнуудын хувьд үндсэн оюутны хотхон дээр хичээл, үйл ажиллагаагаа явуулдаг.
Харвардын Их Сургуулийн анхны ивээн тэтгэгч, үүсгэн байгуулагч Жон Харвардын алдарт хөшөө нь сургуулийн хотхоны төв хэсэгт байдаг. Мөн уг хөшөөний хөлөөс барин хүслээ шивнэвэл аз авчирч, хүсэл биелдэг гэж олон хүмүүс итгэдэг бөгөөд маш олон сурагчид төдийгүй жуулчид, аялагчид энд ирж хүслээ шивнэдэг.
Сургуулийн байрлах хот, тухайн газрын онцлог, уур амьсгал
Харвардын их сургуулийн оюутны хотхон нь Массачусетсийн жижиг боловч хүн ам шигүү суурьшсан Бостон хотоос голын эрэг дагуу байрладаг бөгөөд энэ нь оюутнуудад хотын холболт, жижиг хот суурин газрын төгс хослолыг мэдрүүлдэг. Түүнчлэн Бостон хотын метроны систем болон маш олон үзэж харах боломжтой газрууд, сууж амрах боломжтой газруудтай ойрхон байрладаг.
Кембридж хотын хүн ам нь 120,500 орчим бөгөөд муж дотроо амьдрахад хамгийн шилдэг хотуудын нэг хэмээн нэрлэгдсэн аж. Кембридж хотод нь Харвард болон Массачусетсийн технологийн сургууль (MIT) байрладгаараа алдартай бөгөөд уг хоёр сургуулийг Чарльз гол холбодог байна. Түүнчлэн Кембридж хотод маш олон ресторан, хоолны газрууд, кофе шоп болон цэцэрлэгт хүрээлэнгүүд байдаг учир энд маш олон залуу профессорууд ирж суурьшин ажилладаг байна.
Кембриджийн хувьд зун дулаан, өвөл нь хүйтэн, чийглэг байдаг бөгөөд жилийн турш бага зэрэг үүлэрхэг байдаг. Ихэвчлэн температур нь -5°C-аас 27.7°C хооронд хэлбэлздэг бөгөөд -13°C-аас доош эсвэл 32°C-аас дээш байх нь ховор байдаг.
Тухайн хотын амьжиргааны дундаж зардал
Кембриджийн орон сууцны дундаж зардал 220%, нийтийн үйлчилгээний дундаж үнэ 20%, тээврийн дундаж зардал 14%-иар тус тус улсын дундаж хэмжээнээс өндөр гардаг байна. (Доорх мэдээлэл нь амьдралын олон хүчин зүйлсийн нөлөөтэйгээр өөрчлөгдөж болох үнийн дүн болно. Эх сурваллж: https://www.payscale.com/)
Хаусын дундаж үнэ
1,109,025$
Нэг уут талх
3.69$
Байр түрээслэх
дундаж үнэ
3,474$
Нэг сав сүү
2.15$
Эрчим хүчний
дундаж төлбөр
201.36$
Нэг картон өндөг
2.01$
Утасны
дундаж төлбөр
214.64$
Нэг баглаа гадил
3.72$
Шатахууны
дундаж үнэ
2.99$
Нэг хамбургер
4.70$
Дотуур байр
1-р курсийн бүх хүүхдүүд “Harvard Yard” дотор эсвэл түүнтэй маш ойрхон байршилтай 17 дотуур байранд хуваагдан амьдардаг. Эдгээр нь тус тусын хоолны танхим, өрөөнүүдтэй. Дотуур байр болгон өөрсдийн гэсэн зохион байгуулалттай байдаг бөгөөд та өөрийн байрлах өрөө эсвэл хамтран амьдрагчаа сонгох боломжгүй. Гэсэн ч сургуулиас нь таны оюутны хотхонд ирэхээс өмнө өөрийн тань амьдралын хэв маяг, зуршлуудын талаар мэдээллийг авч тухайн мэдээлэл дээр тулгуурлан таны өрөөний хамтрагчийг сонгодог байна. Дотуур байрын системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл дараах сайтаар зочлоорой.
Сургуулийн элсэлт
-
Хүлээн авах төвшин: 5%
-
SAT онооны хүрээ: 1460-1570
-
ACT онооны хүрээ: 33-35
-
Өргөдлийн хураамж: 75$
Харвард коллежийн санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийн жилийн орлого нь 65,000 доллараас доош орлоготой гэр бүлээс төлбөр шаарддаггүй. Харвардаас санал болгодог шууд тооцоологчийг ашиглан нэг жилийн хугацаанд төлөх төлбөрийн цэвэр үнийг тооцоолж болдог бөгөөд ингэхийн тулд хэдхэн минут зарцуулан өөрийнхөө санхүүгийн мэдээллийг оруулахад л хангалттай юм. Гэсэн хэдий ч уг тооцоолуур дээр гарч буй төлбөр нь өөрчлөгдөж болно гэдгийг санаарай. Сургалтын төлбөрийн талаар хамгийн үнэн зөв мэдээллийг авахын тулд их сургуультайгаа зөвлөлдөх хэрэгтэй шүү.
Сургуулийн сан
Харвардын Их Сургуулийн сан бол сурагчдын хийж буй эрдэм шинжилгээний ажил, төсөл гэх мэт төсөвт зориулагдсан байнгын санхүүжилтийн эх үүсвэр юм. 14,000 гаруй хувь хүний хөрөнгө оруулалтаас бүрдсэн энэхүү сангийн хишиг нь санхүүгийн тусламжийн тэргүүлэх хөтөлбөр, эрдэм шинжилгээний ажилд шинэлэг нээлт хийх, олон тооны эрдэм шинжилгээний чиглэлээр олон зуун профессорт зэрэг эзэмших боломжийг олгосон аж.
-
5.4 тэрбум доллар- 2020 оны санхүүгийн жилд их сургуулийн жилийн үйл ажиллагааны зардал
-
14,000+ өөр сангууд Харвардын хишгийг бүрдүүлдэг
-
645 сая доллар- 2020 оны санхүүгийн жилд санхүүгийн дэмжлэг, тусламж олгосон.
-
41.9 тэрбум доллар- 2020 оны санхүүгийн жилд Харвардын их сургуулийн хишгийн хэмжээ.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Харвардыг ихэнх хүмүүс сургалтын чанараар нь мэддэг бол, уг сургууль нь оюутны бүрэлдэхүүнээрээ илүү сайн чанартай. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, ахлах сургуулийн шилдэг гэсэн сурагчдыг бүрдүүлдэг тул оюутнууд нь янз бүрийн гарал үүсэл, төрөл бүрийн авьяас чадвар, өвөрмөц хэтийн төлөв, сэтгэл хөдлөл болон оюун ухааны өндөр чадамжтай гэж үздэг.
Түүнчлэн Харвард их сургуулийн харьяа оюутнуудын өөрөө удирдах клуб, үйл ажиллагаанууд төрөл төрлөөрөө байдаг тул өөрийнхөө мэргэжлийн болон сонирхлоос хамааран олон төрлийн клубээс сонгож оролцох боломжтой. Харвард коллежийн сурагчдадаа санал болгодог хичээлээс гадуурх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Мэргэжлийн хөтөлбөрүүд
Оюутнуудын сонгож буй хамгийн түгээмэл судалгааны талбарууд нь математик, түүх, нийгмийн шинжлэх ухаан, физик, биологийн шинжлэх ухааны салбарууд юм. Эдгээр мэргэжлийн хөтөлбөрүүд нь Харвард ч гэлтгүй бусад их сургуулиудад түгээмэл сонгогддог мэргэжлүүдийн нэг боловч Харвард илүү найдвартай боловсрол, өөр мэргэжлийн хөтөлбөрүүдийг санал болгосон хэвээр байна. Мөн та үргэлжлүүлэн магистраа хамгаалах, эсвэл судалгааны ажил хийхийг эрмэлзэж байгаа эсэхээс үл хамааран олон эрдэм шинжилгээний ажилд оролцох боломжтой.
Харвардын их сургуулийн сурагчдадаа санал болгодог нийт мэргэжлийн хөтөлбөрүүдтэй дараах сайтаар зочлон танилцаарай.
Сургуулийг төгссөн алдартнууд
Natalie Portman
Mark Zuckerberg
Bill Gates
Al Gore
Conan O'Brien
Нэмэлт эх сурвалж