top of page
Carnegie Mellon University 
Х. Зэндмэнэ
- Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай сайтын уншигчдад зориулаад өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Намайг Зэндмэнэ гэдэг. Би The English School of Mongolia-г төгсөөд, завсар жил авах хугацаандаа Томүжинд суралцаж байсан. Одоо Carnegie Mellon их сургуулийн rising junior буюу 3-р курсээ эхлүүлэх гэж буй оюутан. Business Administration гэх мэргэжлээр суралцаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
-Та анх яагаад Carnegie Mellon их сургуульд орохоор шийдэн өргөдлөө явуулж байсан бэ? Их сургуулиа сонгохоор судалж байгаа хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгвөл. 

 

Би анх Carnegie Mellon-ы Катар дахь салбар сургууль руу нь өргөдлөө явуулсан. Тэр үед надад дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй оронд АНУ-ын их сургуульд хоёр өөр төрлийн соёлд амьдран,  суралцана гэдэг нь маш сонирхолтой байсан. Үүнээс гадна миний сонирхож байсан мэргэжил болох business administration-ий хөтөлбөрөөрөө Carnegie Mellon их сургууль 5-т ордог. Тэр нь сургуулиа сонгоход бас нөлөөлсөн. Үүнээс гадна миний хувьд сургуулиа судлахад “Яг ямар хүн болмоор байгаа юм бэ?” гэдгээ маш сайн мэдэх хэрэгтэй юм шиг санагдсан. Жишээлбэл, Research University болон Liberal Arts College хоёр хоорондоо тэс ондоо байдаг.  Research University-д  нь requirements (тухайн мэргэжлийг бүрэн суралцахад шаардагдах шаардлагууд)-ийн араас хөөцөлдөх шаардлагатай байдаг бол Liberal Arts College-д өөрийгөө тал талаас нь хөгжүүлэх боломжийг олгодог. Тэгэхээр “Би яаж сурмаар байгаа юм?”, “Том орчинд сурмаар байна уу?”, “Жижиг орчинд сурмаар байна уу?” гэдгээ өөрөөсөө сайн асуух хэрэгтэй. Carnegie Mellon их сургуулийн төв кампус нь жишээлбэл 19,000 оюутантай байдаг. Тиймээс тэнд танилцсан хүнтэйгээ чи дахиж таарахгүй ч байх магадлалтай. Харин Катар дахь кампус нь 5 мэргэжил л байдаг болохоор 1,000-аад оюутантай харьцангуй жижиг кампус. Тиймдээ ч маш дотно холбоо, хүрээлэл тэнд үүсэх боломжтой. Тэгэхээр энэ мэтчилэн зүйлсийг сайн бодож байж сургуулиа сонгоорой. 

-Хамгийн анх сургуулийнхаа хаалгаар ороход танд ямар мэдрэмж төрж байсан бэ? Суралцах эхний жилийнхээ туршлагаасаа хуваалцаач, ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байсан бэ?

Би 2 жил завсар жил аваад тэрнийхээ эцэст яг хүссэн сургуульдаа орсон учраас тухайн үедээ маш их баярлаж байсан. Мөн би анх “Сургуульдаа тэнцээд орчих л юм бол болчихно” гэж боддог байсан. Гэтэл үнэндээ тийм байдаггүй, сургуульдаа ороод л бүх зүйл эхэлдэг. Цагийн менежмент сайн байх хэрэгтэй, хажуугаар нь хүмүүстэй харилцаж, нийгэмших хэрэгтэй гэхдээ бас хичээлээс гадуурх үйл ажиллагаандаа оролцохгүй бол би сургуулиа төгсөөд ажилд орж чадахгүй гэх мэт маш олон асуудлууд эхний жилд бий болдог. Тэгж маш их зүйл давхцаж эхлэх үед би бүр сүүлдээ “Унтах хэрэггүй юм байна” гэж боддог болчихсон байсан. Гэхдээ сүүлд нь бодоод үзэхэд хийж буй зүйлсээ, цагаа маш сайн төлөвлөөд нойроо бүрэн авах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Мөн хүнээс тусламж авах нь их чухал. Хамгийн гол нь шаардлагатай үед хүмүүсээс тусламж авч, бусдаас суралцаж байх хэрэгтэй. Ганцаараа бүгдийг хийхээр мэдээж цаг авна. Тиймээс бусадтай хамтарч ажиллаад, тусламж ичилгүй авах хэрэгтэй шүү. 

 

 

 

Хичээлийн хувьд хэр ачаалалтай байдаг вэ, даалгавруудын хэмжээ гэх мэт зүйлсийн талаар сонирхуулбал? 

Миний хувьд энэ нь аль ч сургуулийн хувьд тухайн хичээлийг зааж буй багшаас нь шалтгаалах байх. Ямар ч амархан хичээлийг хүндрүүлж заадаг багш байхад маш хүнд хичээлийг үнэхээр амархан, ойлгомжтой заадаг ч багш нар байдаг. Гэхдээ ерөнхийд нь дүгнэхэд манай сургуулийн хувьд их ачаалалтай байдаг. Жишээлбэл, би business administration-ээс гадна нэг minor (их сургуульд суралцах хугацаандаа сонгох хоёрдогч мэргэжлийн чиглэл), 2 concentration (сонгосон гол мэргэжлийн хүрээнд онцлох тодорхой чиглэл) сонгох шаардлагатай байдаг. Үүн дээрээс нэмэгдээд мөн Liberal arts, science requirement гэж байдаг болохоор шахуу цагийн хуваариар явахгүй л бол цагтаа төгсөхгүй байх магадлалтай. Тийм ч учраас олон хичээлүүд үздэг бөгөөд ачаалал ихтэй байдаг. 

- Хичээлийн үйл ажиллагаа нь одоо онлайнаар явагдаж байгаа байх. Онлайнаар хичээл орох нь танд ямар санагдаж байна? 

Би сургуульдаа орсноос хойш яг бүтэн жил хичээлдээ танхимаар оролцсон. Хаврын семестр эхлээд л Монголдоо ирсэн учраас одоогоор 3 семестр онлайнаар хичээлдээ орсон байна. Онлайнаар хичээлд суух нь алслагдсан, салангид мэдрэмжийг өгөхөөс гадна өмнөх шигээ багш нартайгаа ойроос уулзаж, зөвлөгөө авч чадахгүй нь таалагдахгүй байгаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Сургуулийнхаа дотуур байрны талаар бидэнд сонирхуулбал ? 

Үүн дээр нэмж мэдээлэл өгөхөд, Катар улсад “Qatar Foundation” гэж байдаг. Үүнд нь Cornell Medical School, Carnegie Mellon, Northwestern, Texas A&М болон Georgetown гэсэн 5 их сургууль багтдаг. Энэ таван сургуулийн оюутнууд хамтдаа нэг том дотуур байранд амьдардаг. Нэг хүүхэд, нэг өрөөнд амьдардаг учраас зочид буудлын өрөө шиг маш гоё, тухтай амьдарна. Мөн давуу талын тухайд 5 өөр сургуулийн хүүхдүүдтэй хамт амьдарч байгаа учраас, бусдаасаа туршлага судалж маш гоё холбоо, хүрээллийг үүсгэх боломжтой байдаг. 

 

Катарын Доха хотын уур амьсгал ямар байдаг вэ? 

Нэгт. Доха үнэхээр халуун. Би онгоцноосоо буугаад анх “Онгоцны сэнс үлээгээд байна” гэж бодсон гэтэл тэр нь 48 градусын цаг агаар нь байсан. (инээх) Халуун уур амьсгалтай учраас гадуур тийм ч их хүмүүс алхдаггүй хот. Нэг бол байшин дотор, нэг бол байшингаасаа гараад такси эсвэл метронд суудаг амьдралын хэв маягтай. Дотуур байр нь 200-300 метрийн зайтай байхад хүүхдүүд алхалгүй автобусаар явдаг маш халуун газар. Хоёрт. Катар нь Исламын шашинтай улс. Бусад Исламын шашинтай орнуудтай харьцуулахад тийм хатуу биш ч зарим яамны газар, улсын эмнэлэг гэх мэтээр явахад яалт ч үгүй бугуй, шагай хүртлээ урт хувцас өмсөх шаардлага гардаг. Гэхдээ түүнээс бусад үед чөлөөтэй хувцаслаж болно. 

- Carnegie Mellon их сургуульд суралцахад таныг нүдийг нээсэн, тухайн зүйлийг харах өнцгийг тань бүрэн өөрчилсөн зүйл байсан уу? Хэрэв тийм бол юу байсан бэ?

Яг үнэнийг хэлэхэд би Карнеги Меллоны төв кампус руу явж чадаагүйдээ сэтгэл дундуур байсан. Ташрамд дурдахад төв кампус нь олон улсын оюутанд ямар ч тэтгэлэг олгодоггүй харин Катар дахь кампус нь need based тэтгэлгийг 100% олгох боломжтой байдаг. Ерөнхийдөө “Qatar Foundation”-ий бүх 5 сургууль тийм боломжтой гэсэн үг. 

Миний харах өнцгийг өөрчилсөн зүйл гэх юм бол миний Америк явбал л гоё юм байна гэсэн бодол байсан. Гэтэл Катар дахь кампус нь цөөхөн хүүхдүүдтэй учраас аливаа мэдлэг, боломж, эх сурвалжууд олон хүнд өв тэгш хүрдэг. Мөн сургуулиа төгсөөд Carnegie Mellon-ы дипломоо харуулахад ажилд орох боломж илүү өсдөг. Катар улс нь 3 сая орчим хүн амтай түүний 300,000 гаруй хүн нь Катар хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс улсаа удирдаж явдаг учраас том, том групп компанийн удирдах албан тушаалд ажилладаг. Харин үлдсэн албан тушаалуудад нь олон улсын хүмүүс ажилладаг учир чиний ажилд орох боломж маш өндөр мөн цалингийн хэмжээ нь ч өндөр. Мэдээж жижиг хүрээлэлд суралцаж байгаа учраас багш нартайгаа ойр дотно байж суралцах боломжтой. Манай сургуулийн бас нэг давуу тал нь сурагчдаа гадаадын улс орнууд руу явуулах, аялуулах хөтөлбөрүүдтэй. Хүмүүст туслах, тухайн улсын соёлыг судлах гэх мэт зорилгуудаар Итали, Нью-Йорк, Амстердам гээд хаашаа л бол хаашаа 90%-ийг нь даагаад явуулдаг. Энэ мэт Америкт суралцахаас ч илүү олон боломжуудыг олгодог болохыг ойлгосон. Түүгээрээ миний үзэл бодол өөрчлөгдсөн. 

- Оюутны хотхоноосоо хамгийн дуртай газар, эсвэл байршлын онцлогийг танилцуулж болох уу?

“Qatar Foundation”-ий 5 сургууль байрладаг том кампустай гэж хэлсэн шүү дээ. Тэр том байгууламжийн хойд зүгт эрэгтэйчүүдийн дотуур байр, урд зүгт нь эмэгтэйчүүдийн дотуур байр байдаг. Мөн “World Cup” болох гэж байгаа нэг стадион нь манай кампусын дотор байрладаг. Түүний өөдөөс хараад бас нэг дотуур байр байгаа. Миний байх дуртай газар гэвэл дотуур байрны террас. Тэр нь голдоо усан оргилууртай, гадаа цаг агаар сайхан байхад тэнгэр лүү харахаар үнэхээр сайхан.

 

-Та яг одоо Карнеги Меллон их сургуулийг өөрийн мөрөөдлийн сургуулиараа сонгоод өргөдөл дээрээ ажиллаж байгаа хүүхдүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Катар бол нээлттэй сэтгэлгээтэй улс мөн гэхдээ АНУ-тай харьцуулахад  мэдээж соёлын хувьд шүү гэдгийг бодолцоорой. Мөн жижигхэн хүрээлэлд орж байгаагаа бас бодох хэрэгтэй. Сул талын хувьд тавхан мэргэжилтэй, хэдхэн minor-тай байдаг. Энэ мэтчилэн зүйлсийг сайн судалж, мөн ямар хүрээлэлд ормоор байгаагаа бодолцож үзээрэй. Харин Карнеги Меллоны Америк дахь кампус руу явах бол мэдээж өөр хэрэг л дээ. Гэхдээ хэрвээ тэгж шийдсэн бол өөрийн санхүүгийн бололцоог харж үзээд кампусаа сонгоорой. Нэмэлт баримт дурдахад Катар дахь кампусын оюутнууд Питтсбург дэх кампус дээрээ очин нэг эсвэл хоёр семестр сурах боломжтой байдаг шүү. Баярлалаа. 

© 2021 by 

bottom of page