сургуулиуд
Stanford University
Б. Номунзул
- Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай сайтын уншигчдад зориулаад өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Намайг Номунзул гэдэг. Би Станфордын 2-р курсын оюутан, дараа жил 3-р курсдээ орно. Мэргэжлээ би хараахан бүрэн тодорхойлоогүй байгаа ч civil environment engineering буюу байгаль орчин, байгууламжийн инженерчлэлээр суръя гээд төлөвлөчихсөн байгаа. Үүгээрээ ер нь төгсөх байх. 1-р курсийнхээ эхний хоёр улирлыг яг Станфордын кампус дээрээ өнгөрөөсөн. Тэрнээс хойш кампус дээрээ буцаж очоогүй, 2-р курсээ онлайнаар хичээллээд 3-р курсээсээ кампус дээрээ очиж хичээллэх төлөвлөгөөтэй байна.
- Та анх яагаад Stanford их сургуульд орохоор шийдэн өргөдлөө явуулж байсан бэ? Их сургуулиа сонгохоор судалж байгаа хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгвөл...
Миний хувьд Станфорд яалт ч үгүй 9-р ангид байхаас хойш мөрөөдлийн минь сургууль байсан. Анх кампусынх нь зургийг харчхаад дурлаж, “Энд очоод сурах юм сан” гэж бодсон. Харин өргөдлөө бэлдээд, сургуулиудаа сонгож байх хугацаандаа хамгийн эхэнд анхаарсан зүйл нь financial aid буюу санхүүгийн дэмжлэг байсан. Санхүүгийн дэмжлэг өгдөг сургуулиуд ихэвчлэн хөрөнгөтэй, том сургуулиуд байдаг. Гэсэн ч санхүүгийн дэмжлэг өгч байгаа сургуулиуд дундаа олон улсын оюутнуудад дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх, хэр хэмжээний дэмжлэг байх вэ гэдгийг бас анхаарч үзэх хэрэгтэй. Хэрэв санхүүгийн дэмжлэг өгдөггүй бол өөр тэтгэлгүүд юу байгааг бас судалж байсан. Ийм байдлаар боломжтой сургуулиудаа тодорхойлоод, дараа нь тэндээсээ миний сонирхдог чиглэл, мэргэжлийн хөтөлбөр, миний хүсч буй орчинг бүрдүүлж чадах сургууль мөн эсэхийг нь харж сонголтоо нарийвчилсан.
Зөвлөгөө гэвэл өөрийн сонирхол, шалгуурт нийцсэн сургуулиудыг сонгох хэрэгтэй юм шиг санагдсан. Хүүхдүүд ихэвчлэн өргөдлөө өгөх болоход сургуулиудаа хорь, арваар нь сонгоод явуулдаг. Нэгт, тэгснээрээ сургууль тус бүрийн өргөдөл дээр чанартай төвлөрч чаддаггүй. Хоёрт, нарийвчлан судлалгүйгээр топ сургуулиуд гээд явуулчихдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд сургуулиудаа болгоомжтойгоор, нарийн судалж үзээрэй. Миний хувьд байгаль орчин хамгаалах чиглэлд илүү хүсэл тэмүүлэлтэй. Станфордод сурагчийн клуб үйл ажиллагаа гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа явагддаг болохоор би тэндээс өөрийн дуртай чиглэлээ сонгоод хүсэл тэмүүллээ хөгжүүлэх боломж бүрдсэн байдаг. Дээрээс нь кампусынх нь орчин их таалагдсан. Бүр яг хөдөө биш ч, бас хоттойгоо ч тийм ойрхон биш байдаг болохоор хичээл хийх таатай нөхцөл бүрддэг.
-Хамгийн анх сургуулийнхаа хаалгаар ороход танд ямар мэдрэмж төрж байсан бэ? Суралцах эхний жилийнхээ туршлагаасаа хуваалцаач ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байв?
9-р ангид харсан зурган дээрх замаараа сургууль руугаа анх орж байсан. Тэр зам нь хоёр талаараа дал мододтой, урдаа орох гол хаалгатай хойно нь сургуулийн том барилгууд харагддаг. Яг тэр замаар машинаараа орж байхад надад үнэхээр гоё мэдрэмж төрсөн. Яг л мөрөөдлөө биелүүлээд түүндээ амьдарч байгаа юм шиг санагдсан. Мөн “Амьдралынхаа дараагийн 4, 5 жилийг энд өнгөрөөнө” гэж бодохоор үнэхээр догдолж байсан.
Харин эхний жилийн хүндрэлтэй зүйл гэх юм бол би анх орохдоо бүүр тэгж их гэрээ санана гэж бодоогүй. Гэхдээ яалт ч үгүй санадаг л юм байна лээ. (инээх) Тэгэхээр тэрэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мөн дээрээс нь Америкийн талаар төсөөллөө бага байлгаарай. Ихэнх хүүхдүүд Америк гэхээр маш их боломжууд байдаг гоё газар, Холливүүд, Нью-Йорк гэдгээр нь төсөөлдөг. Гэхдээ Америкийн ихэнх хэсгүүд тийм сайхан, гял цал биш. Эхний жилүүдэд гарсан өөр бэрхшээлүүдийн тухайд гэвэл, шинэ орчинд дасан зохицох байсан. Манай сургуульд “Анх орж ирж байгаа 1-р курсийн оюутнуудад зүгээр сургуульдаа дасах нь өөрөө 3 unit-ийн хичээл” гэж ярьдаг. Энэ нь яалт ч үгүй үнэн, яагаад гэвэл эхэндээ бүх зүйлд дасахад нэлээн хугацаа, тэвчээр шаардагддаг. Мөн Монголдоо үнэхээр сайн, амжилттай сурагч байсан ч тэнд очоод дундаж сурагч болно. Чамаас илүү галзуу зүйлс хийж, туршиж байсан хүүхдүүд зөндөө байгаа. Тэгэхээр тийм орчинд очоод зарим хүүхдүүд өөрийнхөө үнэ цэнийг мартах эсвэл “Яагаад намайг авсан юм бол оо?” гэх мэтээр бодож эхэлдэг. Гэхдээ эхний хоёр сардаа энэ мэт зүйлсийг даван туулж, өөрийгөө дасгаад , орчноо бүрдүүлэн найз нөхөдтэй болж чадвал цаашдаа цагийг зугаатай өнгөрүүлж, сургуульдаа ч илүү дурлах болно оо.
- Станфордын их сургуулийн багш нар нь ямар хүмүүс байдаг вэ? Хичээлийн хувьд хэр ачаалалтай байдаг вэ? Даалгавруудын хэмжээ гэх мэт зүйлсийн талаар сонирхуулбал?
Станфордын хичээлүүд жирийн их сургуулиудын хичээлээс мэдээж хэцүү. Сургууль болгон адилхан юм үзэж байгаа ч Станфордын хувьд бага зэрэг академик талдаа. Гэхдээ тэр тусмаа үр өгөөж нь өндөр байдаг. Даалгавруудын хувьд тогтсон хэв маягтай бус төсөл дээр ажиллах гэх мэт өөр олон төрлийн даалгавруудыг өгдөг. Профессоруудын хувьд бүгд маш мундаг. Нийтлэг шинж чанар нь багш нар маань бүгд сурагчдаа гэсэн сэтгэлтэй мөн зааж байгаа зүйлдээ үнэхээр хүсэл тэмүүлэлтэй, тухайн хичээл дээр ямар ч асуулт асуусан чанартай хариулт өгч чаддаг хүмүүс байдаг. Тийм мундаг хүмүүс байдаг болохоор яалт ч үгүй хичээл хийх сэдэл авч, урам зоригтойгоор хичээлээ хийж чаддаг.
Миний хувьд ачаалалтай байсан үе гэвэл, 1-р курсийн оюутнууд writing requirement бичих ёстой байдаг. Тэр нь миний хувьд 7 unit-ийн хичээл байсан болохоор нэлээн ачаалалтай байсан. Гэхдээ хийх ёстой зүйлээ хойш нь тавилгүй цагаа зөв төлөвлөж чадвал болчихно. Бараг л өдөр бүр хичээл болгон дээр багш болон багшийн туслах нар бүгд office hour (багш нар сурагчидтайгаа өрөөндөө ганцаарчлан уулзах боломжтой цаг)-тай байдаг учраас мэдэхгүй эсвэл даалгавар дээрээ ойлгохгүй байгаа зүйл байх юм бол очоод туслалцаа авч болно. Мөн юуны тулд гадаадад сурч байгаа билээ, дан ганц хичээлээс гадна бусад хүүхдүүдтэй танилцах, эвентүүдэд оролцох, шинэ харилцаа холбоо үүсгэх нь чухал. Харин тэр болгонд цагаа маш сайн төлөвлөх хэрэгтэй шүү.
-Уг сургуульд сурах хугацаандаа хийсэн хамгийн сонирхолтой хичээлээс гадуурх үйл ажиллагаа тань юу вэ?
Манай сургуульд хүрээлэл, нийгэмд тулгуурласан үйл ажиллагаанууд маш их байдаг. 1-р курст орохоор заавал бусад 1-р курсынхаа оюутнуудтай хамт кампусынхаа дотуур байранд байрлах ёстой. Тэгэхээр ямар ч л байсан чамд тогтсон хүрээллийг бий болгоод өгчихнө. Харин тэр хүрээлэлдээ яаж харилцаа холбоо үүсгэх нь чиний асуудал байдаг. Мөн хэд хэдэн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд заавал дотуур байрныхантайгаа оролцох ёстой байдаг. Миний хувьд Сан Францискод “Scavenger Hunt” буюу төрөл бүрийн даалгаврууд биелүүлээд, тоглоом тоглох нь гоё байсан. Мөн “Winter Trip” гэж болдог. Гурван хоногт Калифорниа, Диснейланд гэх мэт газруудаар аялуулдаг. Бид нарын хувьд далайн эрэгтэй ойрхон газар амарсан. Харин хамгийн гоё санагдсан нь “Whale watching trip” байсан. Тэр аяллаар нь завин дээр суугаад, далайгаар аялж, халим харсан. Би жаахан байхдаа халимд үнэхээр хайртай, харахыг хүсдэг байсан болохоор тэр аялал надад таалагдсан. Хамгийн гоё дурсамж гэвэл орой болчихсон байхад найзуудаараа кампустаа байдаг “Memorial Hall” гэх барилгын дээвэр лүү дүрэм зөрчиж (уг нь бол дээвэр лүү гарч болохгүй) гараад шөнийн кампусыг харах үнэхээр гоё санагдаж байсан.
-Станфорд сургуулийн байрладаг Пало Алто хотын уур амьсгал ямар байдаг вэ?
Станфордыг “bubble” буюу бөмбөлөг гэж ярьдаг. Яагаад гэвэл ойрын хамгийн том хот нь Сан Франциско, харин ойр орчимд нь жижиг жижиг хотхонууд л байдаг. Ер нь тийм болохоор Станфорд тусгаарлагдсан бөмбөлөгтэй болчихсон. Мөн Пало Алто ч гэсэн цахиурын хөндийд байдаг болохоор ихэвчлэн тэнд амьдрах өртөг нь маш өндөр, дандаа Google шиг том том компаниудад ажилладаг хүмүүс амьдардаг болохоор тийм төрлийн хүмүүсийг л харна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бүрэн Америкийн уур амьсгалыг мэдрэхгүй гэж хэлж болно. Америк бол бүхэлдээ олон янзын нийгмийн давхарга, олон улсын хүмүүс цугларсан том газар байхад тэрний зүгээр нэг жижигхэн хэсэгт нь л амьдардаг.
-Дотуур байранд амьдарсан бол сургуулийнхаа дотуур байр, хоолных нь талаар танилцуулаач.
Дотуур байр болгон нь хоолны тэнхим, цайны газартай байдаг. Жишээлбэл, миний 1-р курсийн дотуур байр “Larkin” гэх нэртэй дотуур байр байсан. “Larkin” нь “Stern Hall” гэсэн арай том цогцолборынхоо нэг хэсэг нь бөгөөд дундаа мөн “Stern Dining” гээд нэг хоолны тэнхимтэй. Ер нь бол дотуур байр нь маш дажгүй. Эрэгтэй, эмэгтэй эсвэл холилдсон гэсэн гурван давхартай. Тэдгээрийг ажиглахад эмэгтэй давхрууд нь маш цэвэрхэн, эрэгтэй давхрууд нь жаахан тиймэрхүү, холилдсон нь бас арай гайгүй гэх мэт байдаг. (инээх) Гэсэн ч бараг л өдөр бүр цэвэрлэгээ хийгддэг. Давхар тус бүрдээ хоёр нийтийн ариун цэврийн өрөөтэй. Өрөөгөө нэг хүүхэдтэй хуваалцаж амьдардаг. Харин одоо КОВИД-19 гээд тэр нь өөрчлөгдөж байгаа. Өрөө болгон нь угаалгын өрөөтэй болж байгаа байх.
Хоолны хувьд тухайн өдрийн цэсээсээ хамаарч хооллодог. 15,19 удаагийн уншуулах эрхтэй картаас сонгож аваад хоол идэх болгондоо тэрийгээ уншуулна. Харин хоолны чанарын хувьд хоолны тэнхимээсээ хамаараад өөр өөр байдаг мөн цэсээсээ хамаарч бас хоолнууд нь өөрчлөгддөг.
Та яг одоо Станфордын их сургуулийг өөрийн мөрөөдлийн сургуулиараа сонгоод өргөдөл дээрээ ажиллаж байгаа хүүхдүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
“Supplement essay (нэмэлт эсээ)-нүүдээ хэзээ ч битгий орхигдуулаарай” гэж хэлье. Станфордын нэмэлт эсээнүүд тэнцэхэд чинь их нөлөөлдөг. Гэхдээ хүүхдүүд “Эхлээд personal statement (хувь хүний эсээ)-гээ бичнэ, хувь хүний эсээгээ биччих юм бол нэмэлт эсээнүүд ямар хамаа байсан юм” гэсэн хандлагатай байдаг. Гэхдээ яг үнэндээ нэмэлт эсээнүүд маш чухал. Миний хувьд очоод өөрийнхөө өргөдөлтэй танилцахад намайг тэнцэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл нь нэмэлт эсээ маань байсан. Маш олон нөлөөллүүд байдаг ч гэсэн нэмэлт эсээн дээрээ анхаараарай. Дээрээс нь хичээлээс гадуурх үйл ажиллагаа маш чухал шүү! Баярлалаа.