сургуулиуд
Every problem has a solution.
- Maureen Robinson
Биологи & Биохими
Биологийн мэргэжил нь амьд организмын шинжлэх ухааныг судалдаг. Үүнд амьтан, ургамлын гарал үүсэл, тэдгээрийн түүх, онцлог, үйл ажиллагаа, хөгжлийн үйл явц болон тэдгээрийн зуршил орно. Биологийн мэргэжил нь амьдралын шинжлэх ухаан, анагаах ухаан, шүдний эрүүл ахуй болон бусад хамаарал бүхий эрүүл мэндийн чиглэлээр карьер эсвэл дипломын зэрэг горилох ажилд шаардагдах үндсэн мэдлэгийг олгодог.
Биологийн мэргэжил гэж юу вэ?
Биологийн үндсэн чиглэл нь амьд организмын үүрэг, тэдгээрийн шинж чанарыг судлахад оршино. Энэ мэргэжлээр суралцаж буй оюутнууд хичээлийн цагийг лабораторийн судалгааны цагтай хослуулан суралцдаг. Оюутнууд лабораторид болон судалгааны төслүүд дээр бие даан эсвэл хамтран ажиллах бөгөөд тодорхой нэг сэдэв дээр судалгаа хийж, үр дүнг нь шинжилж хамгийн сүүлд нь олж мэдсэн зүйлээ танилцуулна. Энэ мэргэжлээр суралцаж буй оюутнууд эрүүл мэндийн болон байгаль орчны чиглэлээр төгсөн, бусад түвшний олон төрлийн хөтөлбөр, ажил мэргэжлээр бэлтгэгдэх биологийн бат бөх суурийг олж авах боломжтой байдаг.
Биологийн чиглэлээр суралцаж буй оюутнууд яаж хичээллэдэг вэ?
Уг чиглэлээр суралцаж бакалаврын зэрэг хамгаалахад 4 жил шаардагддаг бөгөөд энэ мэргэжлээр суралцаж буй оюутнууд биологи, химийн чиглэлээр хэд хэдэн үндсэн хичээл авдаг. Үүнд экологи ба хувьсал, генетик, био статистик, эсийн бүтэц, үйл ажиллагаа, биохими, молекул биологи, хүний анатоми, физиологи, далайн биологи зэрэг багтана. Энэ төрлийн хичээлүүдийг авдаг тул оюутнууд биофизик, тооцоолол гэх мэт математик, шинжлэх ухааны нэмэлт сургалтад хамрагдах шаардлагатай болдог. Зарим оюутнууд гадаадад суралцах хөтөлбөр, дадлагад мөн хамрагддаг.
Биологийн чиглэлээр суралцах нь чамд тохирсон сонголт болохыг хэрхэн мэдэх вэ?
Биологийн чиглэл нь хүн төрөлхтөн болон бусад амьд организмууд хэрхэн ажилладгийг ойлгох сонирхолтой оюутнуудад зориулагдсан болно. Энэ мэргэжлээр суралцаж буй оюутнууд эргэн тойрныхоо ертөнц хэрхэн ажилладаг талаар үргэлж гайхширдаг тул хүрээлэн буй орчноо сонирхож байдаг. Оюутнууд уян хатан, нээлттэй сэтгэдэг, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх хэрэгтэй. Биологийн чиглэлээр суралцаж байх явцад ямар ч үл мэдэгдэх зүйлтэй тулгарч болзошгүй бөгөөд зарим тохиолдолд судалгаа нь ганц хариултаас илүү олон асуултад хүргэх тохиолдол их байдаг. Энэ мэргэжлээр суралцаж буй оюутнууд хүрээлэн буй орчин, байгалийн талаар маш их мэдээлэл авдаг бөгөөд энэ нь тэдэнд эрүүл мэнд, эргэн тойрныхоо ертөнцийн талаар шийдвэр гаргах боломжийг олгодог.
Биологиор суралцсанаар ямар мэргэжил эзэмших боломжтой вэ?
Биологиор суралцах нь таныг мэргэжлийн хувьд сурган хүмүүжүүлэгч, байгаль орчин, ан амьтдын менежмент мөн судалгааны албан тушаалд бэлтгэдэг бол эрдмийн зэргийн хувьд мастер, докторын хөтөлбөрт бэлтгэдэг. Сурган хүмүүжүүлэгч болсон төгсөгчид ихэвчлэн дунд эсвэл ахлах сургуулийн биологийн хичээлийг заадаг байна. Харин зарим төгсөгчид байгаль орчны шинжлэх ухаан, ан амьтдын менежментийн чиглэлээр ажиллахаар сонгосон байдаг. Биологийн мэргэжил нь оюутнуудыг ойн хамгаалагч, амьтны хүрээлэнгийн ажилтан, ургамал судлаач болоход ч мөн бэлтгэдэг. Бусад нь байгалийн шинжлэх ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлж, эсвэл төрийн байгууллагууд, ашгийн бус байгууллагуудын байгаль орчны эрдэмтэн болдог ажээ.
Анагаах ухааны чиглэлээр карьер хайж буй олон оюутнууд анагаахын дээд сургуульд элсэн ороход шаардагдах үндэс суурь болдог тул биологийн ангийг авдаг байна. Гэхдээ биологийн чиглэлээр суралцах нь оюутнуудыг шүдний эмчилгээ, эмийн сангийн практик, мал эмнэлгийн анагаах ухаан, нүдний оношлогоо зэрэг бусад клиникийн болон эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд давхар бэлтгэдэг гэдгээрээ мөн давуу талтай. Төгсөгчид үүнд дурдсанаас өөр олон сонголт, боломжуудыг олох боломжтой.
Биологи судлах сургуулиа хэрхэн сонгох вэ?
АНУ-д биологийн чиглэлээр сайн хөтөлбөртэй олон их сургууль байдаг. Биологи, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах сургуулиа сонгохдоо өөрийн хэрэгцээ, төсөв, амьдралын хэв маягт тохирсон сургуулиудыг хайж олохыг хичээгээрэй. Та том их сургуулийг илүүд үзэх үү, эсвэл жижиг их сургуулийг илүүд үзэх үү? Томоохон сургуулиуд өргөн курсийн ажил, төрөл бүрийн гүнзгийрсэн төвлөрөл, бие даасан судалгаа хийх олон боломжийг санал болгодог. Харин жижиг сургуулиуд жижиг ангийн хэмжээ, хувь хүний зааварчилгаа, профессортой байнга харьцах боломжийг бүрдүүлж өгдөг.
Биологийн чиглэлээр суралцах сургуулиа сонгохдоо хэд хэдэн хүчин зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Үүнд:
-
Тус сургуулийн багш, ажилчдын бүрэлдэхүүн нь ургамал судлаач, хувьслын биологич, амьтан судлаач, биохимич, эсийн биологич, экологич, физиологич, таксономич гэх мэт биологийн салбаруудын олон янз байдлын үнэн зөв төлөөлөл мөн эсэх. Биологийн тэнхим нь өргөн хүрээний чиглэлээр ажилладаг багш нарыг агуулсан байх хэрэгтэй. Эсвэл бие биенээ нөхдөг хэд хэдэн өөр тэнхимээс бүрдсэн байх нь сайн.
-
Хичээлийг төгсөх курсийн оюутнууд бус багш нар заадаг байх хэрэгтэй.
-
Идэвхтэй багшийн зөвлөх хөтөлбөр, карьерын зөвлөгөө өгөх, карьер хөгжүүлэх хөтөлбөртэй сургуулиудыг хайж олох.
-
Сургалтын хөтөлбөрт байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэг, бичгийн чиглэлээр гүнзгий мэдлэг олгох олон төрлийн сургалтуудыг багтаасан байх хэрэгтэй бөгөөд ингэснээр хувийн сонирхлоо хөгжүүлэх боломжийг танд олгоно.
-
Сургууль нь биологийн ном сэтгүүл, интернетэд холбогдсон сайтар тоноглогдсон номын сантай байхаас гадна оюутнуудад ашиглахад хялбар компьютерийн лабораториудтай байх хэрэгтэй.
-
Оюутнуудыг хагас цагаар ажиллах, дадлагажигч, эрдэм шинжилгээний туслахаар судалгааны бүлэгт хамруулах боломжийг олгодог багш нартай сургуулиудыг хайж олоорой.
-
Бакалаврын оюутнуудад бие даасан судалгааны төсөл хэрэгжүүлэх боломж байгаа эсэхийг олж мэдэх.
Сургуулиа хэрхэн сонгох вэ?
Та бүхэнд бид US.News-ээс гаргасан мэдээллийн дагуу биологи, биохимийн хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа дээрх шаардлагуудын дагуу гүнзгийрүүлэхийг бид санал болгож байна.
Эх сурвалж: usnews.com/education/best-colleges/biology-major