сургуулиуд




"Follow your dream"
- Start up

Хууль
Хуульчийн мэргэжил нь суралцахад хамгийн хэцүү мэргэжлүүдийн нэгд тооцогддог учир хуульч болох сонголтыг маш сайн бодож, судалгаа хийсний үндсэн дээр гаргах хэрэгтэй байдаг. АНУ-ын хөдөлмөрийн статистикийн мэдээнээс үндэслэвэл 2019 оны 5-р сарын байдлаар хуульчийн жилийн дундаж цалин 122,960 доллар байсан байна. Хэдийгээр маш их боломж үүд хаалга нээлттэй байдаг ч энэ чиглэлээр сурахыг хүсвэл судалгаа мэдээллээр өөрийгөө сайн хангах хэрэгтэй байдаг ажээ. Иймээс бид танд АНУ-д хуульчийн мэргэжлээр сурахад хэрэгтэй бүх ерөнхий мэдээллийг дараах нийтлэлээрээ хүргэж байна.
Хуульч нь өмгөөлөгчөөр ажиллах эсвэл улс төр, дипломат харилцаа, эдийн засаг, бизнес, боловсрол гэх мэт өөр олон салбар луу хөрвөх боломжтой өргөн цар хүрээ бүхий мэргэжил юм. Олон улсын оюутнуудын хувьд АНУ-ын хуулийн сургуулиуд Их Британийн системд суурилсан нийтлэг хуулийг заадаг тул та өөрийнхөө эх оронд хуулийн чиглэлээр ажиллахын тулд эх орондоо дахин сурах хэрэгтэй болно. Гэсэн ч энэ нь та гадаад хүн л бол АНУ-д хуулиар сураад хэрэггүй гэсэн үг биш бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд J.D зэрэгтэй хуульчдыг ажиллуулдаг хуулийн фирмүүд байдаг учраас та тэрхүү өөр боломжит газруудыг судлаарай. Мөн АНУ-д хуульч мэргэжлээр сурч ажиллах нь эх орондоо эргэж ирэхэд ажлын байрны боломж бололцоог нэмэгдүүлж өгдөг ашигтай талууд ч бас олон шүү.
J.D хөтөлбөр нь ихэвчлэн өдрийн ангийн оюутнуудад гурван жил, эчнээ ангийн оюутнуудад дөрвөн жил үргэлжилдэг. Хуулийн сургуулийн эхний жилд үндсэн хичээл, шалгалт, Сократын арга барилууд гэх мэт сэдвүүд ордог учир хуулиар суралцах хугацааны хамгийн хэцүү жил гэгддэг байна.
-
АНУ-д 1-р курсийн оюутны хувьд хууль эрх зүйн чиглэлээр гэрээ хэлцэл бичих, эрүүгийн хууль, үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр суралцана.
-
Хоёрдугаар курсийн оюутны хувьд Law Review, Moot Court гэх мэт бусад олон үйл ажиллагаанууд болон практик үйл ажиллагаанаас гадуурх зүйлсэд анхаарлаа төвлөрүүлж болдог. Ихэнх оюутнуудын хувьд хоёр, гурав дахь жилийнхээ дунд хууль эрх зүйн дадлага хийх ажил хайж эхлэх шаардлагатай байдаг тул хоёр дахь жилдээ аль болох практик туршлага хуримтлуулах нь чухал байдаг.
-
Гуравдугаар курсийн оюутны хувьд олон улсын эрх зүй, цагаачлалын хууль, итгэлцлийн эсрэг хууль, оюуны өмчийн тухай хууль гэх мэт сэдвүүдээс сонгон суралцах боломжтой байдаг. Гуравдугаар курсийн оюутнууд ихэнхдээ ажил олох, хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлдэхэд ихэнх цагаа төвлөрүүлдэг байна.
Одоо харин хуулийн мэргэжлээр сурахаас өмнөх үйл явцын талаар мэдэж авч, хэрэгжүүлэх зүйлсийг ярилцацгаая.
Алхам 1: Хууль эрх зүйн ажлуудын талаар сурч эхлэх
Хуулийн чиглэлээр ажиллах нь олон салбартай учраас аль чиглэл нь илүү өөрт тохирох талаар сайтар судалж, өмгөөлөгч хийх эсвэл хуульчаараа ажиллах гэх мэт сонголтуудаа эртнээс сайтар судалж эхлэх хэрэгтэй. USnews-ын мэдээлснээр хуулийн чиглэлээр суралцах хүмүүсийн мэдээлэл авах боломжтой хамгийн сайн мэдээллийн эх сурвалж бол “Discover Law” (lsac.org) бөгөөд энэ нь хуулийн мэргэжил хуульч, өмгөөлөгч хүн яг ямар байдаг, ямар мэргэжил, түүнчлэн энэ мэргэжлээр сурч ажилласнаар нийгэмдээ ямар хувь нэмэр оруулж болох гэх мэт маш өргөн хүрээний хэрэгтэй мэдээллүүдийг оруулсан байдаг. Түүнчлэн аль болох олон эх сурвалжаас судалгаа хийн хуультай холбоотой үйл ажиллагаа зохион байгуулах, ярилцлага мэдээлэл сонсох, дадлага хийх нь илүү хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.
Алхам 2: Хүнтэй харилцах, дүгнэлт хийх чадвараа хөгжүүлж, хөдөлмөрийн ёс зүйн талаар сурч, судалж эхлээрэй.
Хэрвээ чи үнэхээр хуулийн чиглэлээр сурахыг хүсч өөрийгөө тохирно гэж үзэж байгаа бол аль болох мэргэжилтэй нь холбогдох академик мэдлэгүүдээ сурч, түүнээс гадуурх ур чадварууддаа анхаарч эхлэх хэрэгтэй.
Түүнчлэн энэхүү мэргэжлээр суралцахад нь маш их уншиж судлах материалуудтай танилцах учир олон төрлийн мэдээ мэдээлэл уншиж өөрийнхөө мэдлэгийн цар хүрээгээ тэлж хөгжүүлэх тал дээрээ анхаараарай. Мөн одооноос эхлэн мэтгэлцэх ур чадвараа сайжруулж аль болох туршилтаар мэтгэлцэх, хэлэлцүүлэг өрнүүлэх гэх мэт үйл ажиллагаануудад оролцоорой.
Алхам 3: LSAT болон GRE шалгалтдаа бэлдэж эхлэх
Хуулийн сургуулийн элсэлтийн шалгалт буюу LSAT нь Америкийн уламжлалт хууль зүйн сургуулийн элсэлтийн шалгалт тул хуулийн сургуульд элсэх гэж буй оюутнуудын хамгийн их өгдөг шалгалт юм. Гэвч Ковид-19 гэх мэт шалтгаануудаас болж зарим хуулийн сургуулиуд LSAT онооны оронд GRE оноо өгөх боломжийг олгож эхэлсэн учир GRE-г өгөх боломжтой болоод байна.
Өргөдөлд тавигдах шаардлагууд:
АНУ-д хуулийн сургуульд элсэхийн тулд танд дараах зүйлс шаардагдана. Үүнд:
-
Бакалавр эсвэл түүнтэй дүйцэхүйц (4 жилийн их сургуулийн зэрэг) аль ч сэдвээр.
-
Итгэмжлэх жуух бичгийг бүртгүүлэх (CAS)-т бүртгүүлэхийн тулд бараг бүх ABA-аас батлагдсан хуулийн сургуулиуд (мөн ABA-ээр батлагдаагүй зарим сургуулиуд) өргөдөл гаргагчид CAS-ээр бүртгүүлж, анкет бөглөхийг шаарддаг.
-
Таны LSAT оноо
-
Багшийн тодорхойлолт
-
Олон улсын оюутан бол TOEFL-ийн оноо
-
Санхүүгийн тодорхойлолт бичиг баримт (хэрэв F1 виз мэдүүлэх гэж байгаа бол).
Харин одоо хуулийн чиглэлээр сурахыг чин сэтгэлээсээ хүсэж догдлон сууж байгаа бол цаашдаа ч бас энэ эрчээ алдалгүй, тэсвэр хатуужилтай байхыг зөвлөж байна. Мэргэжил бүхэн үзэсгэлэнтэй учраас таныг ч бас энэ мэргэжлийн гайхамшгийг харсан гэж найдъя.
Сургуулиа хэрхэн сонгох вэ?
Та бүхэнд бид Niche.com-оос гаргасан мэдээллийн дагуу хуулийн хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа гүнзгийрүүлээрэй.
Эх сурвалж: USNews.com, internationalstudent.com
OUR FIRM
OUR FIRM






