сургуулиуд
Анагаах ухаан & Эрүүл мэнд
“There is no secret ingredient. To make something special, you just have to believe it's special.” - Mr. Ping
Анагаах ухаан бол хувь хүний хувьд ажиллахад хамгийн ачаалалтай боловч нийгэмд хамгийн үр өгөөжтэй салбаруудын нэг юм. Гэхдээ АНУ-д эмчээр суралцах нь танд тохирох эсэхийг шийдэхээсээ өмнө энэ мэргэжлийг эзэмшихэд ямар, ямар алхмууд шаардагддагийг мэдэж байх нь чухал. Анагаах ухаан бол супер өрсөлдөөнтэй, хатуу чанд салбар. Эмч нар маш их хариуцлага хүлээдэг бөгөөд сургалтдаа олон цаг, их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагатай болдог. Эрүүл мэндийн салбар нь мөн өсөн нэмэгдэж буй салбар бөгөөд энэ нь ирэх жилүүдэд эмч нарын эрэлт улам бүр нэмэгдэх болно гэсэн үг юм.
Хэрхэн АНУ-д эмчийн мэргэжлээр суралцах вэ?
Алхам 1: Ахлах сургуульдаа сайн сурагч байх.
Математик, байгалийн ухааны хичээлүүддээ сайн суралцах хэрэгтэй.
Коллежийн өмнөх урьдчилсан бүх шаардлагыг биелүүлэхийн тулд та байгалийн ухаан болон математикийн цөөн хэдэн хичээлдээ сайн байх шаардлагатай. Жил бүр шинжлэх ухаан, математикийн дамжаанд хамрагдаж бат бөх сууриа тавихыг санал болгож байна. Та мөн голч дүнгээ буюу бусад хичээлүүдийнхээ дүнг ч аль болох өндөр байлгахыг эрмэлзээрэй. Мөн математик, шинжлэх ухаан, байгалийн ухааны чиглэлээр суралцаж байх хугацаандаа та коллеж, анагаахын дээд сургуульд суралцах үйл явц ямар байх талаар өчүүхэн төдий ч гэсэн ойлголт авах тул энэ нь чухал алхам юм. Хэрэв та ахлах сургуулийн байгалийн ухаан, математикийн хичээлд дургүй бол анагаахын чиглэлээр сурах нь танд таалагдахгүй байх магадлалтай. Энэ карьераа үргэлжлүүлэхийг хүсч байгаа эсэхээ ахлах сургуульдаа хичээлүүддээ бэлдэж, эргэцүүлэн бодох боломж болгон ашигла.
Олон нийтийн ажилд оролц.
Сайн эмч байна гэдэг нь зөвхөн шинжлэх ухаан, математикийн хэнээтэн болох биш харин бусад хүмүүсийг халамжлахад хөрөнгө оруулалт хийх явдал юм. Ахлах сургуульд сайн дурын үндсэн дээр сайн дураараа ажиллаж, бусдад туслахад хэрхэн анхаарч байгаагаа коллежийн өргөдөл дээрээ харуулах хэрэгтэй. Хэрэв та эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй ядаж зарим талаар холбоотой сайн дурын ажил хийх боломжтой бол маш сайн. Ойролцоох эмнэлэг эсвэл клиникт боломж байгаа эсэхийг сонирхож хараарай. Анагаах ухааны салбар нь танд тохиромжтой зам мөн үү гэдгийг эдгээр сайн дурын ажлын боломжууд нэлээн эрт тодорхойлж өгнө. Мэдээжийн хэрэг, та зөвхөн эрүүл мэндийн орчинд сайн дурын ажил хийх шаардлагагүй.
SAT/ACT шалгалтын өндөр оноог авах.
Сайн анагаахын дээд сургуульд орохын тулд сайн коллежид элсэн суралцах хэрэгтэй. Сайн коллежид орохын тулд харин сайн шалгалтын оноотой байх хэрэгтэй байдаг. 11-р ангийнхаа сүүлээр хамгийн эхний шалгалтаа өгөх нь шалгалтынхаа оноог ахиулах боломж болно.
Өргөдлөө бөглөх
12-р ангийн намар бол АНУ-д суралцахаар шийдсэн хүүхдүүдийн хувьд тэр чигтээ судалгаа болон өргөдлийн үйл явц байдаг. Та заавал эрүүл мэндийн хөтөлбөр сайтай сургуульд орох шаардлагагүй ч, математик болон шинжлэх ухаан, байгалийн ухааны чиглэлээр чанартай хөтөлбөртэй их сургууль, коллежуудаас сонголтоо хийх нь илүү дээр байх болов уу. Учир нь та цаашдаа л анагаахын сургууль болон MCAT (анагаах ухааны дээд сургуулийн элсэлтийн стандарт шалгалт) шалгалтаа өгөх болно шүү дээ.
Алхам 2: Сайн коллежид орох
Монголд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд эмчийн мэргэжлээр сурч болдог. Гэтэл Америкт эмчийн мэргэжилтэй болохыг хүсч буй оюутан эхлээд биологи юм уу химийн чиглэлээр бакалаврын зэргийг авч мөн тодорхой хичээлүүдийг үзсэний дараа дээд мэргэжлийн сургууль болох анагаахын сургуульд үргэлжлүүлэн суралцаж эмч гэсэн мэргэжлээ авдаг аж. Энд ихэнх анагаахын дээд сургуулиудын коллежийн оюутнуудаас шаарддаг үндсэн хичээлүүдийг оруулав:
-
Лабораторийн биологийн хоёр семестр
-
Лабораторийн органик бус химийн хоёр семестр
-
Лабораторийн органик химийн хоёр семестр
-
Математикийн хоёр семестр
-
Лабораторийн физикийн хоёр семестр
-
Англи хэл ба бичгийн хоёр семестр
Энэ нь хамгийн багадаа 12 хичээлд хамрагдаж байж шаардлага хангана гэсэн үг бөгөөд хэрэв та давхар өөр мэргэжлийн хичээлүүдийг судалж байгаа бол (жишээ нь гадаад хэл эсвэл студийн урлаг гэх мэт) танд маш их ачаалалтай байх болно гэсэн үг юм. Үүнээс үүдэн олон тооны оюутнууд биологи, хими зэрэг холбогдох мэргэжлийг сонгодог бөгөөд энэ нь анагаахын өмнөх (pre-med) болон мэргэжлийн чиглэлд тавигдах шаардлагуудыг хоёуланг нь хангахад илүү хялбар болгодог. Коллежид суралцаж байх хугацаандаа дүнгүүдээ өндөр байлгах, багш нар болон туслах ажилчидтай сайн харилцаа холбоо үүсгэж, хамтран ажиллаж байх, сургуулийнхаа лабораторид санаа зоволтгүй очин, судалгаан дээр ажиллах, профессорууддаа туслах гэх мэтээр туршлага хуримтлуулах хэрэгтэй гэдгийг мөн санаарай. Мөн коллежид орсон ч гэсэн олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, сайн дураараа хүмүүст тусалж үйл ажиллагаа зохион байгуулж байх хэрэгтэй.
Алхам 3: MCAT шалгалтыг өгөх
Анагаах ухааны дээд сургуулийн элсэлтийн шалгалт буюу MCAT нь таны анагаахын чиглэлд сурч буй амжилтыг тодорхойлоход хэрэглэгддэг шалгалт бөгөөд энэ нь таны өргөдлийн бусад хэсгүүдтэй харьцуулахад илүү чухал хэсэг юм. Ихэнх оюутнууд 3-р курсээсээ MCAT-д хамрагддаг. Энэ нь шалгалт өгөх хамгийн оновчтой цаг үе гэж хэлж болно. Учир нь энэ үед та олон удаагийн урьдчилсан курст хамрагдаж, MCAT-д бэлдэх нь илүү хялбар болсон байх болно. МСАТ оноожуулалт ба ложистик. Нийтдээ МСАТ-ийг бөглөхөд долоон цаг хагас шаардагдана. Тестийн хэсгүүдэд дараах зүйлс орно.
-
Амьд системийн биологи ба биохимийн үндэс
-
Биологийн системийн хими ба физик үндэс
-
Зан төлөвийн сэтгэлзүй, нийгэм биологийн үндэс суурь
-
Шүүмжтэй дүн шинжилгээ хийх, дүгнэх чадвар
Хэсэг тус бүрийн оноо 118-132 хооронд хэлбэлзэж, дунджаар 125 оноо авдаг. Танд хэсэг тус бүрд онооны нийлбэр дүнгээс гадна бонус оноо өгөх болно. Нийт оноо нь 472-578 хооронд хэлбэлздэг бөгөөд дундаж оноо 500 орчим байдаг. МСАТ жилд 30 удаа зохион байгуулагддаг тул шалгалтын хуваарийн хувьд нэлээн уян хатан байдаг. Гэхдээ их хэмжээний зардал гаргахад бэлэн байгаарай. Урьдчилж бүртгүүлэхээс хамаарч шалгалтад бүртгүүлэхэд 320$-375$ шаардагдана.
Алхам 4: Анагаах ухааны сургуульд өргөдлөө явуулах, орох
Ийнхүү өөрт тохирсон коллежид орж, шаардлагатай хичээлүүдээрээ бакалаврын зэрэг хамгаалж, анагаах ухааны дээд сургуулийн өргөдөлд бэлдсэний дараа та өөрт тохирсон анагаах ухааны сургуулийг сонгож, өргөдлөө явуулах цаг ирнэ. Анагаахын сургуулиуд руу өргөдлөө явуулж буй оюутнууд дунджаар 13 сургууль руу өргөдлөө явуулдаг байна. Сургуулиа сонгохдоо бидний доор оруулсан анагаах ухааны хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн 5 их сургуулиуд руу орж мэдээлэл аваарай. Бидний оруулсан сургуулиуд нь зөвхөн анагаах ухааны чиглэлээр магистрын зэрэг олгодог сургуулиуд бөгөөд бакалаврын хөтөлбөрөөс нь хими, биологи, эсвэл таны авах шаардлагатай хөтөлбөр байгаа эсэхийг нягтлах боломжтой. Энэхүү жагсаалтын эх сурвалж нь US news бөгөөд дараах сургуулиудын мэдээлэлтэй танилцаж, сургуулиа судлах тал дээр тодорхой хэмжээний мэдлэгтэй болсны дараа судалгаагаа гүнзгийрүүлээрэй.
Эх сурвалж: https://blog.prepscholar.com/how-to-become-a-doctor